Ц.Жадамбаа: Хэн нэгэн хүн цэг тавихгүй л бол оюуны дархлаа нуран унах аюул ойрхон байна

2020 оны 04 сарын 08

“100 асуулт-100 хариулт” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор "Shinsegae Med Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа уригдан оролцлоо. Түүнтэй хувь хүний дотоод ертөнц, боловсрол, амжилтын түүх, гэр бүлийн харилцаа, хүсэл мөрөөдөл гээд олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоос зургаан жилийн өмнө таны “100 асуулт-100 хариулт” нэвтрүүлэгт орж байжээ. Дахин уригдан орж байгаа нь надад их сонирхолтой байна.

-Зургаан жилийн өмнөх Жадамбаа өнөөдрийн Жадамбаа хоёрын ялгааг олж харах гэж таныг нэвтрүүлэгтээ урилаа. Зургаан жил богино биш бас тийм урт биш хугацаа. Гэхдээ хүний амьдралын олон зүйл өөрчлөгдсөн байх болов уу. Гэр бүлд орсон өөрчлөлтөөс эхэлж сонирхоё?

-Зургаан жилийн өмнө ам бүл дөрвүүлээ байсан бол одоо ам бүл тавуулаа болжээ. Гэр бүл гэдэг миний хувьд хамгийн нандин бөгөөд халдашгүй чухал. Хүн гэр бүлгүй байхдаа сурах, мэргэжил эзэмших, ирээдүйд сайн хүн болох гээд зорилгууд тавьдаг.

Хань, хүүхэдтэй болоод ирэхээр амьдралын чиг хандлага, зорилго гээд бүх зүйл өөрчлөгдөөд эцсийн дүндээ удам залгаж байгаа үр хүүхдийнхээ төлөө амьдарч эхэлдэг. Гэр бүл гэдэг хүн төрөлхтний хувьд ч хамгийн чухал үнэ цэнтэй зүйл. Зургаан жилийн өмнө нэвтрүүлэгт орж байхдаа хүү, охинтой байсан. 2016 онд ажлаа өгөөд, Сөүлийн Үндэсний их сургуульд сурахаар явсан. Намайг явснаас хойш эхнэр маань төрөх ёстой хугацаанаас сарын өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 12-нд гурав дахь охиноо төрүүлсэн. Намайг санаад хугацаанаасаа өмнө төрсөн юм. Охиндоо Оджаргалмаа гэж нэр өгсөн. Том хүүг Одбилэг, дунд охиныг Одхүслэн гэдэг.

-Та Солонгос улсаас ганзага дүүрэн ирсэн. "Shinsegae Med Mongolia” компанийн тань нэрийг хараад аргагүй л солонгост байсан хүний өгсөн нэр юм гэж харсан. Яагаад заавал энэ нэрийг сонгосон бэ?

-Компанийн нэрийн хувьд анхнаасаа "Shinsegae Med Mongolia” гээд өгөгдсөн байсан. Солонгост мэс заслын чиглэлээр ажиллаж байгаа Хашчулуун гэж манай компанийн хувьцаа эзэмшигч дүү, “Шинсегэе мэд буюу Шинэ дэлхий мэд” гэж энэ нэрийг анх өгсөн. Солонгосчууд шинсегэе гэх нэрийг нандигнан хайрлаж мэддэг. Тэр дундаа энэ нэртэй киног үзсэн хүмүүс утга учрыг нь сайн мэднэ. Гэхдээ солонгостоо компаниуд энэ нэрийг түгээмэл ашигладаггүй. Шинэ дэлхий гэдэг нэр цаанаа гүн агуулга, логиктой, түүх нь их адармаатай, том нэрэнд тооцогддог учраас тэр.

-Сөүлийн Үндэсний их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр сурсан бил үү?

-Тийм. Миний үндсэн мэргэжил бол хуульч. Хуульч гэж хэлэхэд арай ахадна. Би өөрийгөө эрх зүйн дээд боловсролтой иргэн гэж хэлнэ. Манай боловсролын тогтолцоонд санхүүгийн чиглэлээр төгсөөд санхүүгийн дээд мэргэжилтэй иргэн, хуулиар төгсөөд эрх зүйч буюу эрх зүйн дээд боловсролтой иргэн гэж бэлтгэгддэг. Улмаар хуульчийн сонгон шалгаруулалтад орж, албан ёсоор гэрчилгээгээ аваад хуульч хэмээх эрхэм, нэр хүндтэй цолыг өвөртөлж явдаг. Би хууль зүйн сонгон шалгаруулалтад ороогүй учраас миний үндсэн мэргэжил эрх зүйч буюу эрх зүйн дээд боловсролтой иргэн болох юм. Дараа нь “Их Засаг” олон улсын их сургуульд магистрын зэргээр сурч төгссөн. Нэг хэсэг “Глобал удирдагч сан”-г үүсгэн байгуулалцаад олон хүүхдийг АНУ-д сургаж, боловсролын жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Улмаар сан маань сургалтын төв, дээд сургууль болж өргөжсөн. АН-ын Нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаад 2012 онд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газар гэх маш том салбарын даргаар 29 настай залуу томилогдон очиж байлаа. Тэнд ажиллаж байх хугацаандаа “Би цаашдаа их юм сурах хэрэгтэй юм байна” гэсэн мэдрэмжийг өөртөө авсан. Энэ мэдрэмж яг тухайн үедээ бус 2008 оны арванхоёрдугаар сарын 3-нд АН-ын Нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга болсны дараахан 2009 онд гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр сууж байгаад сонссон үгнээс улбаалж эхэлсэн. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг даргад нэг хүн өдсөн байдалтай үг хэлсэн. “Та одоо “Их засаг” их сургууль төгссөн боловсрол муутай залуугаар АН-ын Нарийн бичгийн дарга тавьчихсан. Энэ хүн чинь бүхэл бүтэн том намын албыг хашиж дийлэх үү” гэж асуусан. Би тухайн үед 25 настай байсан. Одоо бодоход залуу байсан учраас асаж уурлах, гомдох гэдэг юм уу ямар нэг юм болох ёстой байсан байх. Гэхдээ тэгээгүй. Эсрэгээрээ би болоогүй байна, хүн намайг хөндлөнгөөс өөрөөр хардаг юм байна гэдгийг ойлгосон. 2004 онд сургуулиа төгсөөд 2008 он хүртэл хоёр жил нь Улс төрийн боловсролын академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, дараа нь “Глобал удирдагч сан”-г үүсгэн байгуулагчаар ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд байж болох түвшинд олны анхаарлын дунд очсон залуу хүн гэдэг вакумжаад өөрийгөө мундаг л гэж бодсон байсан. Тиймээс дахин суралцахаар шийдсэн. Улс төрийн ажлууд хийгээд, агентлагийн дарга болсны дараа ч гэсэн хөндлөнгөөс дарамт, шахалтууд ирдэг байсан.

-Ямар шахалт ирдэг байсан гэж?

-“Дэлхийн стандартын боловсрол эзэмшээгүй, англи хэлгүй энэ залуу ч мэдэхгүй ээ, дээрээс нь хуульч гэж байгаа, мэргэжлийн бус хүн энэ салбарыг дампууруулна” гэх мэтээр өдөөн хатгасан, чичилсэн зүйлс үргэлж ирдэг байсан. Энэ бүхэн нь надад илүү суралцах ёстой шүү гэсэн мэдрэмжийг өгсөн. Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар томилогдоод сарын дараа БНХАУ-д очиж тухайн үеийн Шуудангийн сайдтай хоёр улсын 60 жил шинэчлээгүй гэрээн дээр гарын үсэг зурлаа. Оройн хоолны үеэр Хятадын сайд “Та яг 29 настай юу” гэж надаас асуусан. Би 29 настай гэж хариулсан. Гэтэл сайд “Хөөх би чиний насан дээр юу хийж явсан юм бол оо. Монгол Улс залуучуудтай мундаг юм аа” гэж хэлсэн. Энэ үед энэ хүн намайг мундаг гэж бодож байхад би ямар билээ гэж дахин бодсон. Ингэж явсаар байгаад цаашаа сурах ёстой гэсэн мэдрэмж маань 100 хувьд хүрсэн. Дөрвөн жилийн хугацаанд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар ажиллаад 2015 онд Сөүлийн Үндэсний их сургуульд хандсан. Нэг жилийн процесс яваад тэнцээд, бүх юм бэлэн болсон. Сонгуулийн дараа ажлаа өгөөд долоо хоноод наймдугаар сарын 21-нд сургууль руугаа ниссэн.

-Засгийн газрын тэтгэлгээр сурсан санагдаж байна?

-Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр сурсан. Мэдээллийн технологийн бодлого төлөвлөлтийн хөтөлбөр программаар хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон бусад байгууллагын хүмүүсийг сонгон шалгаруулж суралцуулдаг. Энэ хөтөлбөрөөр би хоёр жил суралцсан. Хөтөлбөрийн давуу болон хүндрэлтэй тал нь хоёр жил суралцаад заавал судалгааны ажил хийдэг. Судалгааны ажлаа хамгаалж байж төгсдөг. Сөүлийн Үндэсний их сургуулийн гол давуу тал, онцлог ч гэсэн судалгаан дээр тулгуурладаг.

-Залууст мэдээлэл өгөх үүднээс асуухад БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийг авч сурахад юуг анхаарах ёстой вэ?

-БНСУ-аас олон төрлийн тэтгэлэг зарлагддаг. Ихэнхдээ сургуулиас зарладаг учраас оюутнуудад боломж ихтэй. Одоо Солонгос улсад сурч байгаа монгол оюутнууд эхлээд хэлний бэлтгэлд очоод, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт ТОПИК өгөөд тодорхой стандарт хангасны дараа тухайн сургуулиудын тэтгэлгийг судалж ханддаг. Сөүлийн Үндэсний их сургуулийн тухайд төлбөр харьцангуй хямд. Гагцхүү тэнцэж орох нь хамгийн том асуудал болдог. Солонгосын сургуулийн тэтгэлэгт тийм ийм гэсэн онцгойрсон зүйл бас харагддаггүй. Тусгайлсан байгууллага руу хандсан тэтгэлгээс бусдаар дэлхийн стандартын дагуу тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байх л шаардлагатай.

-Дорноговь аймгийн алдарт уяач шүү дээ. Аймаг руугаа явж байна уу?

-Явалгүй яах вэ. Сум руугаа илүү их явна. Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул. 1983 оны наймдугаар сарын 5-нд Дорноговь аймгийн Сайншандад хоёрдугаар төрхөд төрсөн. Дэлгэрэх сумандаа өсөөд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Ээж маань физик, математикийн багш байгаад тэтгэвэртээ гарсан.

-Хамаатан садангууд нь Дорноговьд олон байдаг уу?

-2000 онд Улаанбаатар хотод сургуульд сурахаар ах, дүү нарынхаа хамгийн түрүүнд хотод ирсэн нь би. Бараг оюутнуудаас бусад хамаатан садан аймагтаа амьдарч байгаа. Манай ах, дүү нар ихэвчлэн эмч, эмнэлгийн харьяалалтай хүмүүс байдаг.

-Хурдан буянгууд нь хаагуур байна?

-Хурдан буян буюу үндсэн суурь адуу Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байгаа. Улсад уяж сойж байгаа адуунууд 61-ийн гарамд бий. Улсын манлай уяач Т.Ихбаяр гэж хүний Хүймандал галд харьяалагддаг.

-2017 оны наадамд таны үрээ айрагдсан бил үү?

-Би тэр үед Солонгост сурч байсан. Үрээгээ эрлийзүүдтэй уралдаад дэмий гэж бодоод үрээгээ улсад мордуулахгүй гэж бодож байлаа. Гэтэл “У.Хүрэлсүх сайд эрлийз адууг хасна гэсэн. Хэрвээ сайн байвал үрээгээ уралдуулъя” гэж дүүгээс мессеж ирлээ. Үрээ маань уралдсан. Уралдааны бичлэгийг Солонгост байхдаа үзлээ. Үрээ маань түрүү морьд дунд тодроод ирэхэд нулимс гараад л огшоод л сайхан. Яг тоолоход 11 дүгээрт барианд орсон. Гэтэл өмнөх эрлийз морьд хасагдаад бүр тавдугаар байрт орчихлоо. Монгол руу нисэх ганцхан билет байсныг аваад маргааш нь онгоцонд суусан. Тэр нислэг миний амьдралдаа ниссэн хамгийн удаан гурван цагийн нислэг санагдсан. Онгоцноос буугаад шууд Хүй долоон худагт очсон. Эхнэрээ төрөхөд очоогүй байж, хурдан морио айрагдахад ирсэн. Эхнэр маань өмнөх жил нь төрсөн юм. Тэр үед би ирж чадаагүй. Эхнэрээсээ уучлалт хүсье. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нэрийг гаргаж хязаалан насанд улсад айргийн таваар ухаа зээрд морио цоллуулахад үнэхээр гоё байсан, тэр үе сэтгэлд уяатай явдаг.

-Ер нь танай сум хурдан удамтай байх нь ээ?

-Адууны 13 угшил байдаг. Үүнээс банди, тайж угшил нь хоёулаа Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байна. Хурдан угшлын тухай сайхан түүх олон бий. Улс, бүсдээ хурдтай. Олон ч хүнийг баярлуулж байна даа. Үүх түүхээсээ улбаалаад “Тайжийн хурд”, “Хутагтын хурд” гээд хоёр дууг санаачилж, бүтээлгэсэн.

-Энэ жил шинэ коронавирусний халдвар гайгүйхэн шиг өнгөрвөл төрийн наадам болох байгаа. Наадамд хүлгээ сойх уу?

-Энэ жил улсад хоёр нас уяж байгаа. Би хүүхэд байхаас моринд дуртай, унаач байлаа. Аав маань настай хүн байсан учраас ажаа гэж дууддаг. Ажаатайгаа хамт морь сонирхоно. Тухайн үед нэгдэл зээрд гэж сайхан морийг Дорноговийнхон бүгд мэднэ дээ. Түүнийг унаж үзэх нь миний туйлын их хүслэн байсан. Сайхан морьдтой уяан дээр их очно. Миний морь унах хүслээр дамжаад цусанд маань морь гэдэг ойлголт өөр түвшинд очсон. Хурдан буянтай холбогдсонд ямар нэг ашиг сонирхол ерөөсөө байхгүй. Хурдан морь, хүчит бөх, мэргэн харваа бол Монголын үндэсний дархлаа юм. Энэ гурав устаж үгүй болоход Монгол Улс мөхөх ч аюултай гэж хувь хүн талаасаа хардаг. Моринд оруулж байгаа миний хувь нэмэр бол үндэсний дархлаанд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Цаашдаа ч моринд хөрөнгө оруулалт хийж, залуучуудыг дуртай болгож, сонгодог утгаар нь хөгжүүлэх ёстой. Хэдий мориноос хол өссөн ч гэсэн уралдаад ирж байгаа морийг хараад огшихгүй монгол хүн гэж байхгүй.

-Монгол дахь хурдан буянгуудын үнэ ханш, Солонгост морьдын үнэ ханш ямар байдаг вэ?

-Зөвхөн гишүүдээ оруулдаг дэлгүүр, морин уралдааны газар байна. Дэлхийн хүн төрөлхтний соёлд морь гэдэг зүйл яаж эрэмбэлэгдэж байгаа вэ гэдгийг эдийн засгийн талаас нь олж харсан. Хөрөнгө оруулалтыг үнэхээр тултал хийдэг. Солонгост морьтой хүн бол хөрөнгөтэй хүн. Уралдаж байгаа морины үнэ, бооцооны хэмжээ, олж байгаа ашиг орлого харьцуулшгүй. Зориулсан хуультай, бүтээгдэхүүнтэй, аж ахуйтай. Морийг унах, арчлах, эмчлэх гээд тус бүрт нь суралцахын тулд өндөр төлбөр төлж байна.

-Таныг Солонгос улсаас ирээд IT чиглэлээрээ явах байх гэж бодсон. Гэтэл бараг эрүүл мэндийн салбарт яваад орчихлоо. Яагаад вэ?

-Манай "Shinsegae Med Mongolia” компани эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг экспортлох болон импортлох тусгай зөвшөөрөлтэй. Хувь заяаны төөрөг байх. Ах, дүү нар маань дандаа эмнэлгийн чиглэлийн хүмүүс. Зах зээлийн орчноо харж судлаад энэ салбарт орсон. Бодит нөхцөл байдал дээр тохироо бүрдсэн гээд тал талын хүчин зүйл байна. Гэхдээ мэдээллийн технологийн салбарыг орхиогүй. “I love” гээд хуулийн апплейкишн байдаг. Би үүнийг үүсгэн байгуулагч компанийн хувьцаа эзэмшигч. Мэдээллийн технологийн салбарын ажлууд маань тодорхой хэмжээгээр тус компани дээр явж байгаа. Цахим хуульч гээд дэлхийн хаана байгаагаас үл хамаараад өөртөө эрх зүйн туслалцааг авах бололцоотой “I love” апплейкишныг хөгжүүлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ингэхдээ хууль зүйн туслалцааг заавал өмгөөлөгч хайж явахгүйгээр гар утсаараа дамжуулж авах бүх боломжийг бүрдүүлсэн. Ардчилсан нийгэмд амьсгалж буй агаараас бусад алхам бүр эрх зүйн харилцаанд оролцдог. Хэн нэгэнтэй маргах зэрэг тохиолдолд хуулийн тухай ойлголтыг авах шаардлагатай болдог ч гэсэн үнэн хэрэгтээ эрх зүйн тухай ойлголт өдөр тутамд хэрэгтэй болдог.

-Бялдаржуулах урлагаар хичээллэж байсан. Одоо хэвээрээ юу?

-Хэвээрээ. Хамт сурдаг солонгос оюутан Жюү жицү гээд спортоор хичээллэдэг байсан. Улмаар тэр спортыг сонирхоод Монголд ирснээс хойш нэг жил гаруйн хугацаанд хичээллэж байгаа. Жүдогоос үүсэлтэй. Японоос орчуулбал уян хатан гэсэн утгатай спорт. Сүүлд Бразил руу жүдо заах гэж очсон япончуудаас үүдээд Бразилын Жюү жицү гэж хөгжсөн. Улмаар үндсэн болон Бразилын Жюү жицү гээд хоёр төрлөөр хөгжиж байгаа. Бөх гэхээс илүү бие хамгаалах урлаг талаас нь хүмүүс илүүтэй хичээллэдэг. Хэвтээ байрлалд нурууны уян хатан чанарт илүү тулгуурладаг учраас аль ч насны хүн хичээллэхэд тохиромжтой, бэртэл багатай. Нурууны өвчин, суугаа ажилтай хүмүүс хичээллэвэл зүгээр. “Сөүл опен” гээд олон улсын нээлттэй тэмцээнд Бразилын Жюү жицү төрөлд оролцоод мөнгөн медаль авсан. Урамшаад Монголдоо ирээд улсын аваргад ороод дөрөвдүгээр байрт орсон.

-“Condition”-ыг шар тайлдаг гэдэг ойлголтоор хэрэглэдэг. Одоо солонгост 5000 вонноор зарагддаг бол Монголд 5000 төгрөгийн үнэтэй. Энэ ямар учиртай бизнес болоод байна вэ?

-1992 онд анх гаргаснаасаа хойш Солонгосын зах зээлд энэ төрлийн ундааны 60 орчим хувийг дангаараа эзэлдэг CJ Healthcare группын монополь бүтээгдэхүүн бол сondition. Солонгост төдийгүй Монголд ч гэсэн шар тайлах төрлийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь хэрэглэдэг. Үзэм модны жимс гэсэн үндсэн найрлага нь элгийг хамгаалдаг. Элэг дан ганц спиртээс бус өөр олон байдлаар хорддог. Их хэмжээгээр хортой зүйлсийг хэрэглээд ирэхээр элгэнд байдаг гол шүүгчийн ялгаралт удаашраад ирдэг. Энэ үед хорт бодисыг шүүх элэгний чадвар муудаж, хорт бодисууд шууд элэг рүү орох нь шарталт юм гэнэ. Тэгвэл сondition дахь үндсэн найрлага буюу жимсний орц нь байгалийн тэжээлийг элгэнд өгөөд, хамгаалж, орж ирж байгаа хорыг нэмэлтээр задалж хоргүйжүүлээд байгаа юм. Хоргүйжүүлээд өгөхөөр магадгүй согтолт нь бага байнгуут согтоохгүй байна, шартуулдаггүй гэдэг талаас нь түлхүү ойлгож, хараад байгаа. Гэхдээ хамгийн гол нь урт удаан хугацаанд таны элгийг хамгаалж байх бүтээгдэхүүн юм. Солонгосчууд гахайн мах шарж идсэний дараа сondition уудаг. Хоол боловсруулах эрхтэнг дэмжиж, элгэнд ирэх ачааллыг багасгадаг учраас эрүүл мэнд талаасаа хэрэглэдэг. Монгол Улс импортлох эрхтэй Ази дахь дөрөв дэх орон. Үйлдвэрлэгчийн үнийн бодлого дээр, зах зээл дахь нийлүүлэлтийн тооноос хамаарч үнэ уян хатан, боломжийн байгаа. Бид Монгол Улсын иргэдийн худалдан авах чадварт нь байж болох хамгийн доод үнийг бодож оруулж ирсэн. Ашиг гэхээс илүү ирээдүйгээ харж, нийгмийн хариуцлага талаасаа оруулж ирсэн бизнес. Манай улс элэгний өвчлөл, хорт хавдраар хүн амын тоотойгоо харьцуулахад өндөр түвшинд байгаа нь өдөр тутамд хэрэглэдэг зарим хүнсний хэт хэрэглээтэй холбоотой. Үүнээс урьдчилан сэргийлсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгох хэрэгтэй.

-Та агентлагын даргаар ажиллаж байхдаа сайтын сэтгэгдэлтэй тэмцэнэ гэж ажил эхлээд нэлээд хэл амтай тулгарсан. Одоо эргээд харахад юу бодогдох юм бэ?

-Сайтын сэтгэгдэлтэй тэмцэх нь зайлшгүй зүйл байсан. Худал сэтгэгдлийн горыг тухайн үед улстөрчид амсдаг байсан одоо иргэд нь амсаж байна. Аливаа улсад технологийн хөгжлийг дагасан хамгаалалт гэж заавал байх ёстой. Мэдээлэл технологийн салбарт нэгт бичигдэх бизнес эрхлэгчид аюулгүй байдлыг нь тэргүүнд сонирхдог. Апплейкишныг ашиглаад хувийн нууц яаж хадгалагдах нь чухал. Хувь хүний аюулгүй байдал бол дэлхийд одоо хүртэл байнга яригддаг нэг номерийн асуудал. Хувь хүний орон зай алдагдаад ирэхээр хүн өөрөө байгаа газартаа оршин тогтнох үндэсгүй болдог. Хүний дотоод орон зай руу хэзээ ч нэвтэрч болохгүй. Цаашлаад улс орны аюулгүй байдал, бусад аюулгүй байдал явж байгаа. Энэ үүднээс асуудлыг анх гаргаж байсан. Тухайн үед уг асуудлыг улс төр болгоогүй зоригтой хийсэн бол өнөөдөр Монгол Улсад олон зүйл цэгцрэх байсан.

-Солонгос улс уг асуудлыг яаж шийдсэн байдаг юм бол?

-Солонгост эрх зүйн орчин талаас нь хүчтэй, сайн хуулиар шийдэж өгсөн. Технологийн талаасаа ихэнхдээ нууцлалын түвшин өндөртэй үндэсний апплейкишнээр шийддэг. Ингэснээр фэйсбүүкт мөнгө төлөхгүйгээр эдийн засгаа дотооддоо эргэлдүүлдэг. Гар утасны бүртгэл гэдэг Солонгост иргэний үнэмлэхийн адил хүчинтэй зүйл. Нэг хүн нэг л гар утасны болон гэрийн утасны дугаартай байх нөхцөл бүрдсэн. Ингэснээр хувь хүний аюулгүй байдлыг хангадаг. Үүнээс хамгаалалт, шийдэл эхэлж байна. Бүртгэлжүүлэлтийн асуудал аюулгүй байдлын чухал жишээ юм. Нүүр тулаад хүн шүүмжилбэл хүлээж авна, нүүрээ нуугаад троллдож байгаа нөхдүүдтэй яриад байх зүйл байхгүй. Тэнд ямар ч зохиол явж болно. Шүүмжлэл байх ёстой. Хэтрүүлж болохгүй.

-Одоо таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Гурван хүүхдээ яг өөрийнхөө бодож байгаа шиг зөв хүн болгож хүмүүжүүлэх мөрөөдөлтэй байна. Саяхан хүүхдийнхээ гар утсыг аваад санамсаргүй чатыг нь харсан чинь бусадтай харилцаж байгаа харилцаа, ярьж байгаа зүйл миний бодож байснаас тэс өөр байсан. Эхлээд хүүхдээ сургах ёстой гэж үзээд нэлээд тулж харилцаж, ярилцаж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт, хүүхдээ энэ нийгэмд хэрэгтэй, зөв хүн болгож хүмүүжүүлэхэд онцгой анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт, шинэ үеийг, хүүхдийнхээ үеийнхнийг төлөвшүүлэхэд бид онцгой анхаарах ёстой юм байна. Магадгүй биднийг бага байхад аав, ээж маань “Эд нар бүтэхгүй ээ, манай үеэс өөр юм” гэж ярьж байсан байх. Үе үе солигддог нь үнэн. Гэхдээ бид ирээдүй рүүгээ харсан том сууриудыг одоо тавьж өгөхгүй бол яг энэ идэвхитэй амьдралын нас дуусахаар юу болох вэ гэдгээ бодох хэрэгтэй болжээ.

-Зургаан жилийн өмнө нэвтрүүлэгт орж байхдаа та тээж явдаг хүсэл мөрөөдлийнхөө тухай ярьж байсан. Тэр хүсэл мөрөөдлөө тээсээр л явна уу?

-1999 онд аавыгаа алдахад миний хүүхэд нас дууссан. Бусдад эрхлэх, туних, хамгаалагдах үе тэр үеэр дууссан. Тэр үед Алтан овооноосоо дөрвөн ширхэг чулуу аваад сургуулиа төгсөөд мундаг хүн болж ирнэ гээд өөрөө өөртөө амлалт өгсөн. Тэгээд гэрт байсан улаан торгоны өөдсөнд чулуугаа хийж өөртөө сахиус оёсон. Сахиусаа их сургууль төгсөх хүртлээ авч яваад дөрвөн чулуугаа буцааж овоондоо тавьсан даа. Өөртөө өгч байсан амлалтууд, мөрөөдөл, бодлууд үргэлж хэвээрээ байгаа. Надад хийх зүйл маш их байна.

-Монголд хөгширдөггүй хүн нэлээд байна гэнэ. Асуугаарай гэсэн шүү. Таны хөгширдөггүй нууц юу вэ?

-Монгол эрчүүд хээгүй гэдэг ойлголт байдаг. Энэ ойлголт эр хүний насжилтыг ихээр богиносгож байгааг ойлгосон. Тэр талаарх судалгааны ажлыг солонгост байхдаа уншсан юм. Монгол руу хувиргаад бодоод үзсэн үнэн юм билээ. Эр хүн гэр бүлтэй болоод ч юм уу шууд өөрийгөө зольж болохгүй. Та тэтгэвэрт гарахдаа эрүүл байх ёстой. Дасгал хөдөлгөөн хийж, нүүрэндээ ганц чийгшүүлэгч түрхэж болно. Энэ бол хариуцлага. Эрүүл байж үр хүүхдэдээ ачаа үүрүүлэхгүй. Надад илүү дутуу хэрэглээд байдаг зүйл байхгүй. Зүгээр л ирээдүй болон өөрийнхөө төлөө биеийн тамирт цаг гаргадаг.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Миний үнэт зүйл гэр бүл, эх орон, хамт олон. Би гэр бүлээ авч яваад үр хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гэдэг нийгэмд оруулж байгаа хувь нэмэр. Компаниа сайн удирдаад нийгмийн даатгал, татвараа төлөөд, ажилчдаа цалинтай байлгана гэдэг бол эх орондоо оруулж байгаа хувь нэмэр. Цааш илүү зөв явбал илүү том хувь нэмэр болоод явна.

-Хүний хувь тавилан яаж явдаг гэж боддог вэ?

-Хүнд хоёр л буян байдаг гэж боддог. Нэг нь буурлын буян, нөгөө нь хичээл зүтгэлийн буян. Аавтай хүний эрхэлж туулдаг орчлонг аавгүй хүн аргадаж туулдаг гэж хатуу үг бий. Аавын буянд сайн яваа нь олон. Аргадаж туулж байгаа хүмүүс хичээл зүтгэлээр л амьдарч байгаа. Африкт өглөө нар мандангуут гөрөөс хар хурдаараа давхидаг гэнэ. Арсланд хөөгдөөд тэр. Энэ бол амьдралын хууль. Хэрвээ гөрөөс жаахан удаан давхивал арсланд идүүлнэ. Арслан удаан давхивал хоолгүй хоцорно. Хичээл зүтгэл бол хамгийн чухал зүйл. Хичээхгүйгээр нэг ч зүйл урагшаа явахгүй. Үүнийг би Сөүлийн Үндэсний их сургуульд очоод өдөр болгон мэдэрсэн.

-Сөүлийн Үндэсний их сургуульд сурч байхдаа “700 өдрийн тэмдэглэл” гээд ном гаргасан. Номныхоо хамгийн санаанаас гардаггүй хэсгээсээ хэлээч?

-Охиныхоо төрсөн өдрөөр бичсэн тэмдэглэл санаанаас гардаггүй. Бичиж байхад нэг талдаа өөрийгөө бодож, нөгөө талдаа эхнэр, охиноо өрөвдөөд өөрийн эрхгүй нулимс гарсан. Яагаад ч юм сэтгэл их хөдөлсөн. Энэ номоо охиндоо зориулж төрсөн өдрөөр нь буюу есдүгээр сарын 12-нд нээж байлаа. Аав нь тэр үед байгаагүй шалтгаан юу гэдгийг том болоод уншаасай гэж гурван хүүхдэдээ зориулж номоо гаргасан. Дараа нь сургуулиа төгсөөд диплом хамгаалсан өдрөө бичиж байсан тэмдэглэл надад их гоё байсан. Хоёр жил тасралтгүй судалгаа хийгээд 30-хан минутад хамгаална гэхээр нэг тийм айдастай. Сүүлд дипломыг удирдсан Герман багш маань “Баяр хүргэе. Та сургуулиа төгслөө. Инженерийн шинжлэх ухааны магистр боллоо” гэх үг төсөөлшгүй сайхан байсан.

-Сая нэг зүйлийг анзаарлаа. Таны одоо өмссөн байгаа хослол зургаан жилийн өмнө нэвтрүүлэгт орохдоо өмсөж байсан хослол мөн үү?

-Мөн байна шүү. Би олон хослол сольдоггүй. Ер нь хэрэглэж байгаа юмандаа гамтай.

-Улс төр гэж юу юм бэ?

-Хүн төрөлхтөн өөр өөрийнхөө түвшинд хангалттай тодорхойлоод тайлбарладаг. Гэхдээ эцсийн төгс тодорхойлолтыг олж чадаагүй. Яагаад гэвэл үүсээд байгаа нөхцөл байдал, тухайн үеийн тренд улстөрчдийн гаргаж байгаа шийдлүүдээс хамаараад зарим тохиолдолд магтагдаж, зарим тохиолдолд унаад байх шиг. Бүх түвшинд улс төрийн үйлчлэл явагддаг. Миний хувьд улс төр бол засаглал. Улс төр гэх ерөнхий ойлголтын хүрээнд та бид харьцангуй сайхан нийгэмд амьдарч байна.

-Монголчууд сурч, ажиллаж байгаа орноосоо олон шинэлэг санааг авч чаддаг. Хамгийн түрүүнд Монголдоо юу хэрэгжүүлэхийг хүсч байна?

-Технологи хөгжүүлнэ гэдэг бол төмөр хөгжүүлэх асуудал биш. Сайн бодлого, сайн хуулийн тухай ойлголт юм. Тэгэхээр бид хоорондоо зөрчилдөөнтэй болсон эрх зүйн асуудлыг эргэж нэг хараад төгс биш гэхэд боломжит хувилбарт нь чиглүүлэх ёстой. Эрх зүйн орчин өөрөө зөв байх нь энэ улсын хамгийн том хөгжил. Үүнд тулгуурлаад иргэний оюуны дархлаа хамт явдаг. Иргэддээ дахин боловсролын тухай бодлогын түвшинд заах цаг болсон гэж боддог. Нэгдүгээрт, зах хязгааргүй хөгжиж байгаа аж үйлдвэрийн хувьсгалын үед иргэд юуг мэдэж, юунаас өөрийгөө хамгаалах хэрэгтэйг ойлгох цаг болсон. Хоёрдугаарт, иргэдийн улс төрийн оролцооны тухайд цэгцтэй ойлголттой болохгүй бол нуран унахад ойрхон байна. Гуравдугаарт, шинэ цагийн Монгол хүний тодорхойлолтыг дахин гаргаж ирэх цаг болжээ. Суурь судалгаа хийж, монгол хүний талаар оновчтой тодорхойлолт гаргаад, үүндээ тохирсон ирээдүй рүү чиглэсэн том бодлогыг хийж өгөх нь зайлшгүй болсон. Үгүй бол өнөөдөр бид яаж хөгжихөө мэдэхээ больсон, яг хаашаа явахаа мэдэхээ больсон. Ойлголтуудаа цэгцлэхгүй бол бид үнэхээр живж байна. Сошиал ертөнцөд хэрэгцээт мэдээллээс илүү анхаарал татсан мэдээлэлд цаг, мөнгөө зарцуулж байна. Энэ бол нийгмийн урсгал хаашаа явж байна вэ гэдгийн хамгийн том илэрхийлэл, эмзэглэл, эмгэнэл. Яг энд хэн нэгэн хүн дуугарч, хэн нэгэн хүн цэг тавихгүй л бол цааш үргэлжилсээр байх болно. Хийх ёстой бол залуучууд ойлгоод хийх ёстой. Бид, бидний гэр бүл энэ хотод амьдрахад бидний хүсэж байгаа нийгэм л хөгжсөн байгаасай. Би ганцаараа сайхан амьдрах бус бид хөгжих ёстой. Гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс ч гэсэн энэ бүх асуудлыг том зургаар нь харсан бол одоо улсдаа хийх ёстойгоо хий. Монголдоо зөв зүйлийг тарь. Нэгэнт сонгосон тогтолцоог сонгодог утгаар хөгжүүлэх нь зүйтэй.

-Таны хамгийн харамсдаг зүйл юу вэ?

-Амьдрал дээр хийж байгаа олон сонголт дунд намайг чиглүүлэгч байгаагүй. Чиглүүлэгч байгаагүй учраас зарим нэг зүйл дээр цаг хугацааны хувьд их алдагдалд орсон. Үүнийгээ сургууль төгсөж ирээд ойлгосон. “Цаг хугацааны алдагдал бол хэзээ ч нөхөгдөхгүй баялаг” гэдгийг би номынхоо төгсгөлд бичсэн. Цаг хугацаа бол үнэхээр үнэлж баршгүй зүйл гэдгийг ойлгосон нь миний хамгийн том харамсал.

-Сүүлд ямар ном уншсан бэ?

-“Гол тоглогч”-ийг уншиж байгаа. Их таалагдсан. Памплет гэж шинэ өнцгөөр буюу гуравдагч өнцгөөс хүнийг дүгнэх, түүх дээр тулгуурлаж бодит байдлыг буцаан сэргээж, богиносгосон хэлбэрээр харуулах өөр өнцөг санагдсан. “Гол тоглогч”-ийн нэгдүгээр дэвтрийн Н.Энхбаяр гуайн түүх дээр уншилт явж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iiiii(66.181.167.239) 2020 оны 04 сарын 08

”Ulgeriin baatar amilsan ni” gedeg bolj bna daa. ene erguu haanaas bosood irev...

0  |  0
Top