Трамп цагаачлалыг хэсэгчлэн ХОРИГЛОХ зарлигт гарын үсэг зуржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагаврыг буруулах зорилгоор гаднаас цагаачдыг хүлээн авахыг түр хугацаанд хориглосон зарлигт гарын үсэг зуржээ.

Тэрбээр энэхүү зарлиг нь америк ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд эрүүл мэндийн салбарын нөөц эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн гэж тэрбээр тайлбарлажээ. Нөхцөл байдлаас үүдэн энэхүү хязгаарлалтыг өөрчлөх боломжтой гэж Цагаан ордны тэргүүн тодруулсан байна. Зарлиг ёсоор, АНУ-ын хилийн гадна буй, хүчин төгөлдөр цагаачлалын визгүй хүмүүст энэ хязгаарлалт үйлчлэх бол халдвартай тэмцэхээр тус улсад ажиллаж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүлийн гишүүд  үүнд хамаарахгүй аж. Түүнчлэн, хөрөнгө оруулагчийн визээр ирсэн хүмүүс, тусгай цагаачлалын визтэй болон АНУ-ын эрх ашигт нийцсэн зорилгоор ирж буй хүмүүс болон тэдний гэр бүлд мөн энэ хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Зарлиг 60 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд баримт бичигт гарын үсэг зурснаас хойш 50 хоногийн дотор дотоодын аюулгүй байдлын сайд Төрийн нарийн бичгийн дарга болон хөдөлмөрийн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр хязгаарлалтыг сунгах эсэх талаар зөвлөмжийг танилцуулах үүрэг хүлээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top