ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко “Комсомолын үнэн” радиостанцид өнгөрсөн ням гарагт ярилцлага өгөхдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тов хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтын товд өөрчлөлт орох магадлалтай юм байна.
Оросын Гэгээрлийн яам нь тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхан байдлыг хянах албатай хамтран коронавирусийн халдварын тархалтын нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад мөрдөх зааварчилгааг боловсруулсан байна.
Зааварчилгааны дагуу шалгалтын байранд нэмэлт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шалгуулагчдын биеийн халууныг шалгалтын байрын үүдэнд хянах болон шалгуулагчдын суудлыг хол зайтай байрлуулна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко элсэлтийн ерөнхий шалгалтыг найм болон есдүгээр сард зохион байгуулах нь илүү аюулгүй гэж өмнө мэдэгдэж байсан бол Оросын Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт, шалгалтын алба уг шалгалтын товыг наймдугаар сард шилжүүлэх нь байж болох бас нэгэн хувилбар гэж харж байгаа талаар ТАСС-т мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээллийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 0 )