КОВИД-19 | Москвад хүн амын дунд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Хойд хөрш ОХУ-д коронавирусний тархалт өссөөр байна. Орост нийт 252245 тохиолдол бүртгэгдэж, 2305 хүн нас баржээ. Тувад сүүлийн дөрөв хоногт 103 шинэ тохиолдол нэмэгдсэн нь мөн өндөр үзүүлэлт болсныг тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээлээд иргэддээ хандан агаарын солилцоо муутай, хүний бөөгнөрөл ихтэй газраар явахгүй байх, амны хаалт зүүх, нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд сольж байхыг зөвлөсөн байна.

Коронавирусний халдварын тоогоороо АНУ, ОХУ, Их Британи, Испани, Итали, Бразил, Герман, Турк, Франц улсууд дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Орост сүүлийн 12 хоног дараалан хоногт 10 мянга гаруй хүн өвчилж байгаа нь бүртгэгджээ. Халдварын дийлэнх тохиолдол Москва хотод илэрч байгаа аж. Оросын мэргэжилтнүүд, халдварын хам шинжийг судалж, Москвад хүн амын дунд эсрэг бие илрүүлэх шинжилгээг хийж байна.

Бразил улсад халдварын тоо 203 мянгад дөхөж, хоногт 844 нас баралт бүртгэгджээ.

Өмнөд Солонгост Сөүлд шөнийн клубээс эхтэй халдвар нийт 133 хүнийг хамарсан бол коронавирусний голомт болсон Уханьд хоногт зургаан тохиолдол бүртгэгджээ.

Японд улс орон даяар зарласан онц байдлыг хэсэгчлэн сулруулж байгаа ч Токио болон Осакад онц байдлыг хэвээр үргэлжлүүлж байна.

 

Top