Дэлхийн 110 гаруй улс орон коронавирусний цар тахал дэгдсэн шалтгаан, нөхцөл байдлыг судлах хараат бус судалгаа явуулах тухай Австралийн уриалгыг дэмжжээ.
Австралийн гадаад хэргийн сайд Марис Пейний мэдэгдсэнээр, дэлхий дахин ирээдүйд цар тахлын учруулсан хямралаас зайлсхийх үүднээс энэхүү хямралын нөхцөл байдлын тухай асуултад хариу авахыг хүсэж байна. Үүссэн нөхцөл байдлыг хараат бусаар үнэлэх, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог хамгаалах, сургамж авах шаардлага үүсээд байна. Юуны өмнө цаашид дахин цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах шаардлага тулгараад байна гэж тэрбээр онцолжээ.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны хэлснээр, хараат бус энэ судалгаа ямар нэг улс орныг буруутгах зорилго агуулаагүй. Энэ бол шударга зорилго, сэдэл агуулсан шударга асуулт гэжээ.
Канберрагийн саналыг хамгийн түрүүнд ОХУ, Их Британи, Энэтхэг, Индонез, Канад, Шинэ Зеланд, Япон, ЕХ-ны бүх 27 гишүүн улс орон дэмжжээ. Хожим нь Африкийн хэд хэдэн улс энэ санаачилгад нэгдэж, нийт дэмжсэн улс орны тоо 116-д хүрчээ. Холбогдох шийдвэр даваа гарагт /2020.05.18/ Женевийн цагаар 12.00 цагт /УБ 18:00/ эхлэх Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73-р хуралдаанаас батлах тогтоолд тусгалаа олох юм. Тогтоолын төсөлд цар тахлын эсрэг авч буй олон улсын арга хэмжээ, ДЭМБ-ын үйл ажиллагааг үнэлэх судалгааг ойрын үед эхлүүлэхээр заажээ.
Цахим хэлбэрээр болох Ассамблейн чуулганд ДЭМБ-ын 194 гишүүн орны сайд нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох урилгатай.
Сэтгэгдэл ( 0 )