ЭМЯ: 1651 хүн ажиглалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.05.22/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.186 сая халдварын тохиолдол илэрч, 333 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш муу байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 103 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8843 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 44, Читад 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1651 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй 195 хүн байгаа тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Энд нийт 78 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Орон нутгийн 15 галт тэргэнд нийт 4425 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.

119 дугаарт 224 дуудлага, шуурхай аппт АНУ, ОХУ, Ирак, Австри зэрэг гадаадын 7 орноос 10 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ. 

Иргэд банкны автомат машиныг халдваргүйжүүлэх хүсэлт их гаргаж байгаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. Өчигдөр коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн найм дахь шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ. Манай улс эрсдэл өндөр гэж гарсан байна. 

Энэ сарын 25-нд ОХУ-ын Европын хэсэгт байгаа монгол иргэдээ Москва-УБ тусгай захиалгат онгоцоор татаж авна. Харин 26-нд ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top