Миннеаполист эмх замбараагүй байдал үүсэж, онц байдал зарлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

АНУ-ын Миннеаполис хотын захирагч Жэкоб Фрэй тус хотод үүсээд буй эмх замбараагүй байдалтай холбогдуулан 72 цагийн хугацаанд онц  байдал зарлажээ. Энэ сарын 25-нд олон нийтийн сүлжээнд Африк гаралтай Жорж Флойд гэгчийг цагдаа нар баривчлахдаа түүний гарыг гавлан, газар унагаж, нэг цагдаа нь өвдгөөрөө хүзүүг нь шахах үед тэрээр амьсгалж чадахгүй байна хэмээн орилж буй дүрс бичлэг цацагдсан. Хуурамч бичиг баримт ашигласан хэрэгт сэжиглэгдэж байсан Флойд ухаан алдаж, хотын нэгэн эмнэлэгт нас баржээ. Флойдын гэр бүл эрх баригчдад үл итгэж байгаа тул талийгаачийн цогцост хараат бус задлан шинжилгээ хийхийг шаардаж байгаа аж. Энэ дүрс бичлэг гарсны дараа хууль хүчнийхний үйлдэлд эгдүүцсэн иргэд тус хотод хоёр хоног жагсаал зохион байгуулж байна. Жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. “Star Tribune” сонинд бичсэнээр, үймээн дэгдээгчид ойр орчмын дэлгүүрийг тонож, автомашины сэлбэг хэрэгслийн дэлгүүрийг шатаажээ. Эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амиа алджээ. Хууль хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна. Эсэргүүцлийн жагсаал сүүлд Лос Анжелес, Мемфис зэрэг бусад хотуудад өрнөсөн байна.

Орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр Миннесота мужийн амбан захирагч Үндэсний гвардийн анги нэгжүүдийг тус хотод аюулгүй байдал хангахад дайчлах захирамж гаргажээ. Болсон үйл явдалтай холбогдуулан Миннеаполис хотын цагдаагийн газрын удирдлагууд Флойдыг баривчлахад оролцсон дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Флойдын амиа алдсан хэргийг шалгах ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо нэгдсэн байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишел Бачелет Африк гаралтай АНУ-ын иргэн Жорж Флойдын амь насыг хөнөөснийг буруушаан, гэм буруутай цагдаа нарт хариуцлага хүлээлгэхийг уриалжээ. Өргөн дэлгэрсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах практик хүн амины хэрэгт ямар үүрэг гүйцэтгэж буйг бүрэн судалж, зүй ёсоор хүлээн зөвшөөрч, авч хэлэлцэх шаардлагатай гэж тэрбээр онцлоод жагсагчдыг дургүйцлээ тайван замаар илэрхийлэхийг уриалсан байна. Хүчирхийлэл үйлдэж, эд хөрөнгө сүйтгэснээр цагдаа нарын хэрцгий үйлдэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой асуудлыг шийдэхгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 30

Даварсан новшнууд вэ? Өөрсдийнх нь хүзүүн лээр нь өвдөглөө.

0  |  0
Mal(112.96.66.34) 2020 оны 05 сарын 29

Ugaasaa teneg erguu nar l tsagdaa boldog shu de kk

0  |  0
Top