Франц НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг даргална

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

 

Африк дахь аюулгүй байдал, Ираны нөхцөл байдал, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хэрэгжилт, зэвсэгт мөргөлдөөний бүсүүд дэх дүрвэгсэд, хүүхдүүдтэй холбоотой асуудалд Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалах хугацаанд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана гэж Франц улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас мэдээлжээ.

Энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг нэг сарын хугацаанд тэргүүлж байна.

Түүнчлэн, энэ сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл коронавирусний цар тахлын үр дагавар олон улсын энх тайван, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй асуудлыг хэлэлцэх бол энэ сарын 11-нд Франц улс Мали улсын асуудлаар гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл таван байнгын, 10 байнгын бус гишүүнтэй. Байнгын таван гишүүн нь АНУ, ОХУ, Их Британи, Хятад, Франц Улс. Байнгын бус гишүүдийг хоёр жилээр сонгодог. Аюулгүй байдлын зөвлөлийг гишүүн улс орнууд үсгийн дарааллаар нэг сарын хугацаанд ээлжлэх даргалдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top