Энэтхэг, Хятад хилийн бүс дэх нөхцөл байдлын сайжруулах хэлэлцээ хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Шинэ Дели, Бээжин Ладакийн зүүн хэсэг дэх хилийн зурвасгүй бүсэд үүсээд буй хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлжээ.

“The Times of India” сонинд мэдээлснээр, хэлэлцээгээр талууд Пангонг-Цо нуур орчимд үүсээд буй нөхцөл байдлыг авч хэлэлцэх гэнэ. Энэ бүсэд Хятад улс долоон мянган цэрэг татаж, танк, цэргийн хүнд техникээр хүч нэмэгдүүлээд байгаа юм. Үүний хариуд Энэтхэг энэ бүсэд 10 мянган цэрэг төвлөрүүлж, төмөр замаар Т-90МС болон Т-72М1 танкуудыг авчраад байна.

Энэ долоо хоногийн эхээр тус хоёр улс харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Ладакийн холбооны газар нутгийн хилийн бүсээс зарим хүчээ тусгаарлалтын зурвасаас 1-2 км дотогш татсан билээ. Гэсэн хэдий ч стратегийн чухал бүс нутаг болох Пангонг-Цо нуур орчимд нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.

Ладакийн холбооны газар нутгийн хилийн бүсэд өнгөрсөн тавдугаар сарын эхээр хятад, энэтхэг нийлсэн 250 цэрэг оролцсон хэд хэдэн удаагийн гардан тулаан болсны дараа нөхцөл байдал хурцдаад байгаа юм. Үүний улмаас аль аль талын 100 гаруй цэргийн алба хаагч гэмтэж бэртсэн байна. Энэтхэгийн тал Хятадын цэргүүд Ладакийн хилийн бүс дэх Энэтхэгийн газар нутагт орж ирсэн гэж буруутгасан бол Хятадын тал үүнийг үгүйсгэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top