БНСУ-ын Үндэсний нэгдлийн сайд огцорлоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2020.06.19/ Үндэсний нэгдлийн сайд Ким Ён Чолын огцрох хүсэлтийг хүлээн авлаа гэж Хөх ордноос мэдээлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр, Мүн Жэ Ин, Ким Ён Чол нар өчигдөр орой хамт зоог барих үеэр Ким Ён Чол огцрох тухай өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Ким Ён Чол хоёр Солонгосын харилцаа муудсаны хариуцлагыг өөртөө хүлээж, өнгөрсөн лхагва гарагт огцрох хүсэлтээ гаргасан билээ.

Тэрбээр Үндэсний нэгдлийн сайдын албан тушаалыг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд авчээ. Сөүл, Пьёняны харилцаа Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагууд нийлэг агаарын бөмбөлөг ашиглан ухуулах хуудас Хойд Солонгосын нутаг дэвсгэрт тарааснаас болж хурцдаад байна. Умардын тал энэ үйлдлээ таслан зогсоохыг удаа дараа шаардсан ч шаардлагыг хэрэгжүүлээгүй тул Хойд Солонгосын тал “өшөө авна” гэж мэдэгдсэн. Өмнөд Солонгосын Засгийн газар ухуулах хуудас илгээх явдлыг таслан зогсоох тал дээр арга хэмжээ авна гэж мэдэгдсэн ч энэ сарын 16-нд БНАСАУ цэрэггүй бүс орчим байрлаж байсан хоёр Солонгосын харилцааг зохицуулах хамтарсан албаны байрыг дэлбэлж, цэрэггүй бүсэд цэргээ оруулаад байна.

Сөүл Солонгосын хойгт хурцадмал байдал үүссэнд БНАСАУ-ын тал буруутай гэж мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top