ТЭД БИДНИЙ ТУХАЙ | АНУ, Хятад, Оросын дунд гацсан Монголын эдийн засаг

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

-Дахин сонгогдох Ерөнхий сайд геополитикийн нөхцөл байдлыг зөв чиглүүлэх ёстой-
 

Гэрэл зургийг: Б.Төгсжаргал

Японы санхүү эдийн засгийн алдарт сэтгүүл “Nikkei” Монгол Улсын шинэ парламент, шинээр эмхлэгдэн байгуулагдах Засгийн газар олон улсын харилцаа, эдийн засгийн амаргүй давааг туулах ёстой тухай нийтлэл бичжээ. Уг нийтлэлийг тус сэтгүүлийн сэтгүүлч Уиллиам Песек бичсэн бөгөөд АНУ, ОХУ, БНХАУ гэсэн их гүрнүүдийн геополитикийн бодлогыг Монгол Улс ч гэсэн сайтар анхаарч ирэх жилүүдэд бодлогодоо тусгах ёстойг дурдсан байна.


 

Монгол бол уран нугаралтаараа дэлхийд алдартай улс. Мах, цуснаас бүрдсэн хүний биеийг гайхалтай хэлбэр дурсэнд оруулж чаддаг уран нугаралт бол гайхалтай урлаг. Гэвч улс төрд ч уян хатан зүйл байдаг аж. Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Ардын нам үнэмлэхүй суудал авч ялалт байгууллаа. Энэ бол улстөрчийн хувьд, улс төрийн нөхцөл байдлын хувьд итгэмээргүй уян хатан зүйл. Өмнөх сонгуулийн үр дүнг харвал гайхаад байхаар зүйл биш ч үүссэн нөхцөл байдал, гадна дотнын шалтгаантай харьцуулбал уян хатан гэж дүгнэхээс ч аргагүй.

Ялалт байгуулсан МАН болон даргалагч У.Хүрэлсүхийн хувьд нүүр тулах асуудлууд улам чангарч байна. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахал дэлхий даяар хямралт нөхцөл үүсгэж, Монгол Улсад ч эдийн засаг хүндрэх нөхцөл үүсээд байна. Дээрээс АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван том гүрний харилцаа эмзэг байгаа энэ цаг үед энэ гурван улстай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуулт үүслээ.

Урд хөрш Хятад улс нь Монголын төмрийн хүдэр, зэс, алтны 90 гаруй хувийг худалдан авдаг. Энэ нь Монголын 13.5 тэрбум ам.долларын эдийн засагт голлох жин дардаг үзүүлэлт юм. Хойд хөрш ОХУ нь Зөвлөлтийн үеэс л Монголыг тэжээн тэтгэдэг улс байсан. Үүнийг илтгэх мэт Монгол Улсын эрчим хүчний үнэмлэхүй хэсгийг одоо ч нийлүүлсэн хэвээр байна. Хоёр том хөршөөс гадна газар зүйн хувьд алслагдсан ч геополитикийн хувьд АНУ том зөвлөгч юм. Тэд Монголыг “Ардчиллын баянбүрд” гэж нэрлэдэг. Нийгмийн байгуулал, үзэл баримтлалын хувьд дэндүү ижил учраас техникийн зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж ирсэн.

Гэвч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дээрх гурван том гүрний харилцаа улам ээдрээтэй болов. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй үүсгэсэн асуудал, ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн тухай яриа хоёр гүрний харилцаанд одоо ч төвөгтэй байдал үүсгээд байна. Дээрээс нь БНХАУ-тай худалдааны маргаан дэгдээж, коронавирусээс шалтгаалж элдэв нэр хоч өгсөн нь нэмэр хачир болсоор. Хэдийгээр Европын холбоог оролцуулан БНХАУ-тай харилцахыг хичээж байгаа ч үр дүнд хүрсэнгүй. Хоёр том гүрний худалдаа хүссэн хүсээгүй Монгол Улсад ч нөлөөлнө.

Монголын шинэ Засгийн газарт тулгарах дараагийн том сорилт бол “Оюу толгой” төсөл. Газар доороо асар их баялаг агуулсан энэ том ордын  хэтийн ирээдүйг хэрхэн шийдэхээс энэ улсын ирэх жилүүдэд өнгө тодроно. Алт, зэсийн томоохон орд болох “Оюу толгой”-н ээдрээг тайлахын тулд “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард даруй суух ёстой. Үүнээс гадна ашигт малтмалын татвар болон олборлолтын гэрээний нөхцөл зэргийг хэрхэн шийдэхээс хөрөнгө оруулагчид энэ улсыг сонгох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх учиртай.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент, шинэ Засгийн газар ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно. Хамгийн гол нь эдийн засгийг тогтвортой байлгах ёстой.

Гадаад ийм асуудал байдаг юм байж. Харин дотоодын улс төрд ч тэнцвэрээ хадгалах зүйл бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэрхэн хамтрах вэ гэдгээс засгийн бодлого шалтгаална гэж дүгнэхээр байна. “Тал нутгийн Дональд Трамп” гэх хочтой энэ улсын төрийн тэргүүн болон одоо шинэ засгийг толгойлох өндөр магадлалтай байгаа У.Хүрэлсүх нар 2017 оноос эрх мэдлийн цулбуураас атгаж эхэлсэн. Харин олон улсын ажиглагчид дээрх хоёр удирдагчийг гарснаас хойш дүгнэх дүгнэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг зарим талаар шүүмжлэх болсон юм.

Түүнээс гадна энэ улсын дотоодод шүүх засаглалын хараат бус байдал хангагдаж чадаж байна уу гэдэг дээр маргаан мэтгэлцээн өрнөсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиас өмнө тус улсын сонгуульд нэр дэвшсэн зургаан хүнийг баривчилсан нь 30 жилийн ардчилсан түүхэнд байгаагүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн юм. Зарим талаараа айдас, түгшүүр  ч үүсгэсэн байх.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент, шинэ Засгийн газар ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно. Хамгийн гол нь эдийн засгийг тогтвортой байлгах ёстой. Олон улсын валютын сан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд нэг хувиар буурна гэж таамагласан. Монгол Улсын эдийн засгийн гол асуудал дотооддоо бус гадаад хүчин зүйлээс 100 хувь хамаарч буй. Засгийн газрынх нь нийт өр 30 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг нугалсантай тэнцэх үзүүлэлт. Эдийн засагт нь нөлөөлөх өөр нэгэн хүчин зүйл бий нь хэзээ дуусах нь үл мэдэгдэх авлига. Хэдийгээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх тодорхой алхмуудыг хийж чадсан ч коронавирусний нөхцөл байдал сөргөөр нөлөөлөх болчхоод байна.

Эдийн засаг төрөлжүүлэх гэдэг дээр бас л сорилтод орсон салбар бол аялал жуучлалын салбар. Та бүхэн санаж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү бага Дональд Трамп өнгөрсөн оны наймдугаар сард Монголд хууль бусаар аргаль агнасан нь шуугиан дэгдээсэн. Бүр төсвийн мөнгөөр хууль бус ан хийсэн нь шуугиан дэгдээж орхисон юм. Коронавирус энэ улсыг зорих жуулчдад шууд нөлөөлнө.

Өнгөрсөн тавдугаар сарын 28-ний өдөр санхүүгийн шинжилгээний “Fitch” агентлаг “эрсдэлт нөхцөл байдалтай орон” гэж дүгнэсэн. Гэхдээ “Санхүүгийн хүндрэлээс хоёр талт болон олон талт туслалцааны хүчээр даван туулах боломжтой” гэж дүгнэсэн нь сайн мэдээ. Магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад зарим нэг эрх мэдэл очсон нь ийнхүү дүгнэхэд хүргэсэн байж ч мэднэ.

Хэдийгээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх тодорхой алхмуудыг хийж чадсан ч коронавирусний нөхцөл байдал сөргөөр нөлөөлөх болчхоод байна.

Олон улсын байгууллага сайн мэдээ дуулгаж байхад яг эсрэг талд нь муу мэдээ байна. Тус улсын эдийн засгийн хөдөлгөгч хүчний нэг БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 30 жил байгаагүйгээр унаад байна. Ердөө хэдхэн км-ын цаана байдаг Хятад улс руу байгалийн баялгаа нийлүүлэх нь байгаль эхээс заяасан нэгэн шаардлага байлаа. Коронавируст нөхцөл байдал БНХАУ-ын эдийн засагт ч мөн адил сүүдрээ тусгаж 10 гаруй жил тогтвортой байсан эдийн засаг нь саарахад хүрээд байна. Хөршөөсөө шалтгаалсан эрсдэл Монгол Улсад 2021 оныг дуустал нөлөөлөх дүр зураг гарч буй.

Хойд хөрш ОХУ-д газрын тосны зах зээлийн хэлбэлзэл тэртээ тэргүй сөргөөр нөлөөлж буй. Нөгөө талаас нь харвал БНХАУ-ын гадаад харилцаан дээр баримталж буй бодлого ОХУ-тай зарим талаар сөргөлдөх нөхцөл үүсгэж буй.

Монгол Улсын гадаад хүчин зүйлийг тодорхойлох нэг үйл явдал болох нь ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль. Өмнөх сонгуульд ОХУ нөлөөлсөн байж болзошгүй тухай маргаан мэтгэлцээн одоо ч намжаагүй байна. Худалдааны дайнаас шалтгаалан АНУ Хятад, Монголд худалдааны шинэ тариф тогтоохоор зорьж буй. Дээрээс нь АНУ-ын Конгресс ОХУ-д шинэ хориг тогтоох нь бараг тодорхой болчихлоо.

Их гүрнүүдийн геополитикийн тулаан ийнхүү Монгол Улсын гадаад болон дотоод бодлого дээр гацаа үүсгэж орхилоо. Үүнтэй хэрхэн зохицох вэ гэдгээс Монгол Улсын ирээдүй ихээхэн хамаарна.

Эх сурвалж: Nikkei Asian Review

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 09

gadniihan amnii zorgoor burahaa bolimoor umdaa,.....odoo byr amerikt hen songogdsonoor mongoliin huvi zaya shiidegdeh gene huzavaa ...!!!

0  |  0
Зочин (192.82.76.241) 2020 оны 07 сарын 03

Энэ хүн Монголын нөхцөл байдлыг сураг таамаг төдий гадарладаг бололтой. Жишээ нь Монголд, гадаадаас эвээгддэг авилгын засаг аль хэдий нь тогтоод сая Үндсэн хуулийн баталгаатай болсон аюулыг дэлхийд байдаг жишгих төдий мэт дурдаад өнгөрч байна. Авлига бол алсдаа Монголыг тусгаар орших чадваргүй болгох гол аюул гэдгийг энэ хүн мэдэхгүй байна. Бодвол Монголын түүхэнд 1691 оны гамшиг тохиосныг мэддэггүй биз ээ. Баттулгыг тал нутгийн Трамп гэж ямар ч баримжаагүй андуурч байна. Ийм байж, Монголын тухай юм бичсэн тун ч бүдүүн зүрхтэй хүн юм даа. Орос Хятад хоёрын асуудлыг таамаг л төдий таамагладаг

0  |  0
Top