Ам.долларын ханш иргэдийн хүлээлтийг давж чангарав

2020 оны 08 сарын 25

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 59.3 сая ам.долларыг 2852.80 гэсэн нэг ханшаар нийлүүлжээ.  Своп, форвард арилжаагаар  15 сая ам.долларын своп хэлцэл байгуулсан байна.

“Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн 2020 оны хоёрдугаар сарын байдлаарх хүлээлтээр  иргэд ирэх зургаан сард ам.долларын ханшийг өснө гэсэн хүлээлттэй байсан.

Тодруулбал, ам.долларын ханшийг  зургаан  сарын хугацаанд 2799 төгрөг орчим байна гэсэн хүлээлттэй байгааг судалгаа харуулж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар ам.долларын ханш иргэдийн хүлээлтээс 50 төгрөгөөр илүү чангарчээ.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин долоодугаар сарын 28-нд валютын ханштай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ:

Монголбанкнаас төгрөгийн ханш огцом сулрах эрсдэлтэй, энэ нь эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй, түр зуурын шинжтэй байх үед үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ажилладаг. Эдгээр бодлогын шийдвэр нь Төв банкны гол зорилт болох инфляцийг зорилтот түвшинд хадгалах, эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Гадаад валютын албан ханш 2020 оны эхний хагаст 3.3 хувиар суларсан бөгөөд Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615 сая ам.доллар нийлүүлээд байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцлийг байгуулан ажиллаж байна. Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад валютын улсын нөөц 2020 оны зургаадугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа. Мөн түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк өөрийн Олон Улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондыг 5 дугаар сард амжилттай төлсөн. Ингэснээр дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэж буй томоохон гадаад төлбөр байхгүй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Гадаад орчны хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарлаа. Экспорт зургаадугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, алт олборлолтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл гадаад валютын зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй, валютын ханш тогтвортой байна гэж харж байна.

Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлснийг дурдах нь зүйтэй болов уу” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top