Б.Даваадалай: Төсвийн алдагдал бусад улстай харьцуулахад ӨНДӨР байна

2020 оны 09 сарын 04

Эдийн засагчид, судлаачид, бизнес эрхлэгчид өнөөдөр  “Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Төсвийн алдагдал дэлхий даяар өсөж байна. Монгол Улсын хувьд бүс нутгаар нь аваад үзвэл 10 хувийн алдагдалтай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна” гэлээ.

Харин эдийн засагч Н.Энхбаяр “Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг төсвийн тогтворжуулалтын санд тууштай төвлөрүүлэх хэрэгтэй хэдий ч хангалттай бүрдүүлж чаддаггүй. Тогтворжуулалтын сангийн орлогыг олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй. Мөн уул уурхайн өсөлтийн орлогыг усан сан шиг тусад нь байлгах ёстой” гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр Танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг бөгөөд 2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдлыг төлөвлөсөн гэж үзээд тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Гэвч эдгээр санал зөвлөмж, анхааруулгыг ойшоож үзэхгүйгээр өдийг хүрч байна.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлынхаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын мэдээллээс харахад өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19 хувь, 2021 онд 29.2 хувь, 2022 онд 38.4 хувьд хүрч 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт 2 дахин нэмэгдэхээр байна.

 Цар тахлын энэ үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж, үр ашигтай, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байлаа” хэмээв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2020 оны 09 сарын 07

Ишшш, ядаж илжирсэн арьс ширнээсээ гадагш гаргах болоогүй юу?

0  |  0
Top