Дэлхийн улс орнуудын ХЗХ-дын ашиг буурч болзошгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөлийн 2020 оны хурал цахим орчинд зургаан тивийн хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагч байгууллагын 200 гаруй төлөөлөгчийг оролцуулан нээлттэй боллоо. 

Улс орнуудын хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламжийн хэмжээ өсөж, зээлдэгчдэд  тавих нөхцөл, шаардлага сулаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа хойшилж III улирлын эцэст ашигт ажиллагаанд тодорхой сорилт үүсэж болзошгүйг  олон орны зохицуулагч байгууллагууд ажиглажээ.

Нөгөө талаар цар тахлын улмаас үүссэн хямрал нь хадгаламж, зээлийн хоршоод үйл ажиллагаагаа зогсоолгүй үргэлжлүүлж, хадгаламж, зээлийн хоршоод болон зохицуулагч байгууллагуудын хувьд цахим орчинд ажиллах, шинэ орчинд хурдтайгаар дасан зохицох шаардлага үүссэн.

Цар тахлын нөлөө буурах төлөвгүй, тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж буй үед санхүүгийн үйлчилгээг цаашид цахим хэлбэрт шилжүүлэх нь чухал бөгөөд хадгаламж, зээлийн хоршоод болон зохицуулагч байгууллагууд энэ өөрчлөлтөд бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. Хурлын үеэр зөвлөлийн дарга Элейн Бирн Украины Үндэсний Банк (NBU)-ийг зөвлөлийн гишүүнээр элсэж буйг зарлажээ.

Тодотгоход, Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөл нь гишүүдийн хурлаа жил бүр зохион байгуулж, зохицуулагч байгууллагын төлөөллүүд хяналт шалгалтын сүүлийн үеийн чиг хандлага, арга хэлбэрийн талаар хэлэлцдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top