ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарим ташаа мэдээлэлд хариулт өглөө.
Тэрбээр “Монгол Улсад Хятадаас коронавирусний эсрэг вакцин оруулж ирнэ, хүмүүст хийнэ гэсэн буруу ташаа мэдээлэл их явж байна. Коронавирусний эсрэг вакцин дэлхийд хараахан гараагүй байгаа. АНУ, Орос, Хятад зэрэг улсад вакцин хийж байгаа ч клиник туршилтын үедээ явж байна. Олон баталгаажилт авах хэрэгтэй. ДЭМБ-ын зөвшөөрөл авна. Улс орон дотроо баталгаажуулна. Дэс дараатай үйлдлүүд явагддаг” гэв.
Дэлхийн аль ч орны вакцин дээрх шатуудын дараа худалдаанд гарах болон үйлдвэрлэх эрхээ авах ёстой. Монгол Улс вакцин оруулж ирэх талаар дэс дараатай олон хурал, зөвлөгөөн хийнэ гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Манай улсын хувьд саяхан томуугийн вакцин захиалсан бөгөөд Засгийн газрын захиалгаар энэ сарын сүүлчээр орж ирэх томуугийн вакцин нь Өмнөд Солонгосын үйлдвэрийнх аж.