КОВИД-19| Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /Аlliance for Financial Inclusion/-ийн тайлангийн хурал энэ сарын 9-нд цахим орчинд болжээ.

Энэ удаагийн хурлаар 2020-2023 оны стратеги төлөвлөгөө, 2019 оны аудитын тайлан, коронавируст халдварын улмаас үүссэн нөхцөл байдлыг даван туулах арга зам, туршлагын талаар хэлэлцсэн байна. Мөн чадавхийг бэхжүүлэх стратеги, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал санхүүгийн үйлчилгээг хүргэхэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлогыг тус, тус хэлэлцэж баталжээ.

Ингэснээр нийгэмлэгийн гишүүн орнуудад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах стратеги боловрсуулахдаа хэрэгцээ, шаардлага, онцлогтоо тохирсон арга, аргачлалаас суралцах, харилцан туршлага судлах боломж бүрдэж байгаа аж. Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг, Бүсийн санаачлагын гишүүдийг ахлан Хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар оролцжээ.

Нийгэмлэг нь дэлхийн хөгжиж буй 89 орны 100 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй, дэлхийн бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага. Жил бүр Дэлхийн бодлогын форумыг зохион байгуулж санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын шийдлүүдийг зөвшилцөн баталж, үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгахад гишүүн байгууллагууд хамтран ажилладаг.

Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд нийгэмлэгт гишүүнээр элссэнээс хойш Монгол Улсын санхүүгийн салбарын бодлого, мэдээллийг тунхаглалд тусгуулж, хамтран ажиллаж ирсэн. 2011 онд “Цахим мөнгөний зохицуулалт”, 2015 онд “ХАА-н гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн хөгжил”, 2017 онд “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг үнэлэх түүвэр судалгаа”, 2019 онд “Хүртээмжтэй ногоон санхүү” гэсэн мэдлэг солилцох дөрвөн төслийг хэрэгжүүлэх судалгаа хийж, нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд сонгогдож, ажлын долоон хэсэгт оролцох зэргээр өргөн хүрээнд хамтран ажилладаг. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top