“Тавантолгой” түлш компанийн Борлуулалт маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас шахмал түлшний нөөц, бэлтгэл ажлын талаар тодрууллаа
-Хүйтний улирал хаяанд ирсэн энэ цагт өвөлжилтийн бэлтгэл ажил хэр түвшинд яваа вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хангаад явж байна. Баруун бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ дууссан, хэвийн ажиллахад бэлэн болсон. Зүүн бүсийн үйлдвэр маань энэ жилдээ багтаан ашиглалтад орно. Одоогоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тоног төхөөрөмжүүдийг нь Солонгос улсаас захиалж, эхний ээлжийн угсралтуудыг хийсэн. Туршилт, зүгшрүүлэлтийн түлш үйлдвэрлэлийн ажил явагдаж байна. Баруун бүсийн үйлдвэр дээр дөрвөн үйлдвэрийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэр дээр хоёр үйлдвэрийн зургаан шугам ажиллана. Ирэх сарын нэгэн гэхэд 120 мянган тонн түлшний нөөц бий болгохоор ажиллаж байгаа.
-Утаагүй түлш түлэх хүрээг нэмэгдүүлсэн байсан. Ямар, ямар газрууд нэмэгдэж орсон бэ?
-Энэ жил “Агаарын чанарын бүс”-ийг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ таван хороог нэмж оруулсан. Тухайлбал, СХД-ийн 21, БЗД-ийн 20 дугаар хороо буюу Гачуурт, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороод буюу Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооллуудыг нэмж оруулсан. Нэг үгээр эдгээр хороодод амьдардаг 9500 орчим айл “Сайжруулсан шахмал түлш” түлж өвөлжинө.
-Иргэдийг угаартахгүй байх тал дээр ямар, ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Энэ жилээс “Хэрэглэгчдэд үйлчлэх алба” гэж шинээр байгуулсан. Энэ алба маань “Угаараас сэргийлэх төв”, “Мэдээлэл судалгааны хэлтэс”, “Засвар үйлчилгээний хэлтэс” гэсэн гурван хэсэг, 1000 орчим хяналтын ажилтантай. Нэг ажилтан 200 өрхийг судалгаанд хамруулж, угаараас сэргийлэх заавар зөвлөгөөг тогтмол өгч ажиллана. Судалгааны явцад зуухны битүүмж алдагдсан, ханан пийшин цуурсан зэрэг эрсдлүүд байвал Засвар үйлчилгээний хэлтэсдээ дуудлага өгч асуудлуудыг бүрэн шийдвэрлүүлээд явна.
-Нийт хэчнээн цэгээр боруулах вэ. Үнэ ханшид өөрчлөлт орох уу?
-Үнэ ханшийг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос тогтоодог. Одоогийн байдлаар нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөг буюу нэг шуудай түлш 3750 төгрөгөөр зарагдаж байгаа. Ямар нэгэн өөрчлөлт энэ жил орохгүй. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1000 цэг ажиллуулахаар зорьж байгаа.
-Өнгөрсөн жил цэгүүд төлбөрөө төлөхгүй байх, цалингаа оройтуулах зэрэг асуудал гаргасан?
-Өнгөрсөн жил 200 орчим цэгээр савлагаа хийж байсан. Тухайн сардаа цалингаа олгохын тулд бүх борлуулагч нартайгаа тооцоогоо нийлсэн байх ёстой болдог. Гэтэл зарим нэг нь тооцоогоо нийлээгүйгээс болж цалин хоцрох асуудал гарсан. Өнгөрсөн жил бид эхэлж нийлүүлээд дараа нь төлбөрөө авдаг байсан. Ингэснээр төлбөрөө төлөхгүй, борлуулагч нар өр төлбөрт орох, компанийг хохироох зэрэг асуудал гарсан учраас энэ жил 30 хангамжийн бааз дээр савлагааг хийж нөөцлөлтийг бүрдүүлнэ. Мөн төлбөрийг урьдчилсан байдлаар авна. Борлуулах цэгүүд өөрсөддөө шаардлагатай түлшийг төлбөрөө эхэлж төлөөд авах учраас цалин оройтох, өр төлбөрт орох асуудал үүсэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )