Бодлогын хүүг НЭГ хувиар буурууллаа

2020 оны 09 сарын 14

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 8 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Хорооны хуралд Бодлогын хүүг 0.5 нэгжээр бууруулж, 8.5 хувьд хүргэх санал гарсан ч олонхын шийдвэрээр 1 нэгж хувиар бууруулах шийдвэр гарчээ.

Мөнгөний бодлогын хороо наймдугаар сард ээлжит бусаар хуралдах үед эдийн засгийн өсөлтийг -1.5 хувь гэж тооцож байсан бол энэ удаад төсөөллийг -2.6 хувь гэж тооцсон байна. Түүнчлэн эдийн засгийн төсөөлөл гадаад орчноос хамааралтайгаар улирлаас улиралд муудаж гарч байгаа учраас Бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргаж буйгаа онцоллоо. Эдийн засгийн нөхцөл байдал энэ янзаараа үргэлжлээд байвал зээлийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна гэлээ. 

Бодлогын хүүг өөрчлөхөд гадаад секторын орчин чухал байдаг. Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны өмнөх хуралдаанаас хойш гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын нөхцөл сайжирсан, гадаад валютын нөөц нэмэгдэх тооцоололтой байна гэж мэдэгдлээ.

Энэ онд болон ирэх онд эдийн засаг алгуур сэргэж, инфляц нэмэгдэнэ. Гэхдээ энэ онд болон ирэх онд инфляц зорилтот түвшинд хадгалагдана гэж үзэж байна гэв.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top