Монголын банкны холбооноос танилцуулсан энэ оны эхний хагас жилийн байдлаарх үзүүлэлтүүдээс харахад санхүүгийн салбар амаргүй нөхцөл байдалтай байгаа. Эдийн засгийн идэвхжилийг голлон бүрдүүлдэг уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүйдсэнийг банкны салбараас мэдэгдсэн. Мөн арилжааны банкуудын голлох зээлдэгч болох барилгын салбарын зээлийн эргэн төлөлт ч агшилттай байна.
Тэгэхээр уул уурхай, барилгын салбарын зээлийн чанаргүйдэл цаашид их хэмжээгээр чанаргүйдвэл санхүүгийн салбарт ихээхэн асуудал үүсгэнэ. Цаашлаад Монгол Улсын макро эдийн засагт бүхэлд нь асуудал үүсгэх эрсдэлтэйг эдийн засагч С.Даваасүрэн хэлж байна.
Иргэд хадгаламжаа барьцаалсан зээл авч байна гэдэг бол орлогогүй болж байна гэсэн үг. Коронавирус цар тахлаас шалтгаалах эрсдэл холдоогүй, дэргэд байгаа энэ үед буюу асуудал үүсээд 6-7 сар л болж байхад эдийн засаг ингэж цохилтод өртөж байна. Нөхцөл байдал цаашид илүү хүндрэхэд хэрхэн яаж даван туулах вэ гэдэг нь гол асуудал юм.
Тодотгоход, Үндэсний статистикийн хорооноос өчигдөр эдийн засаг, нийгмийн салбарын шинэ статистикийг танилцуулсан.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийг наймдугаар сарын эцсийн байдлаар авч үзвэл 17.4 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 53.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар өссөн, өмнөх оны мөн үеэс 876.9 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 их наяд төгрөг нь иргэдийнх байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 14.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30.0 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурчээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2 пунктээр буурсан байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 153.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл наймдугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 22.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 53.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )