Азийн хөгжлийн банкнаас 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн шинэчилсэн төлөвийг өнөөдөр /2020.09.15/ танилцуулж байна.
2020 он их онцлогтой, урьд өмнө тулгарч байгаагүй сорилттой жил болж байна. Монгол Улс коронавирусийг дотооддоо алдахгүй байх үүднээс үр дүнтэй арга хэмжээ авсан ч цар тахлын дам сөрөг нөлөөнөөс эдийн засгаа хамгаалж чадаагүй гэдгийг Азийн хөгжлийн банкны мэдээллийн эхэнд дурдлаа. Түүнчлэн цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж Монголын эдийн засгийн агшилтыг 2020 онд гүнзгийрүүлэх, эдийн засаг 2021 онд алгуур сэргэх хүлээлттэй байна гэж шинэ тайланд дүгнэжээ.
Азийн Хөгжлийн Төлөв тайлан нь Азийн хөгжлийн банкнаас жил бүр боловсруулан нийтэлж, олон нийтэд танилцуулдаг эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн чухал баримт бичиг юм.
“Азийн Хөгжлийн Төлөв 2020 Шинэчилсэн төсөөлөл”-өөр Монголын эдийн засаг 2020 онд -2.6-иар агших төсөөлөлтэй байна. Энэ нь 2020 оны зургаадугаар сард хийсэн -1.9 хувийн төсөөлөл болон дөрөвдүгээр сарын байдлаарх 2.1 хувийн төсөөллөөс тус тус буурсан үзүүлэлт болж байна. Гэхдээ эдийн засаг 2021 онд 5.1 хувь болж алгуур сэргэх төлөвтэй байна.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улс цар тахлын болзошгүй тархалтаас амжилттай сэргийлж чадаж байгаа бөгөөд энэ хүрээнд хязгаарлалтын арга хэмжээ авсантай уялдан эдийн засгийн буюу бодлогын зардал зайлшгүй гарна. Гадаад орчны нэн сөрөг нөлөө нь дотоодын эдийн засгийг огцом агшуулж макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг илүү ухаалаг, болгоомжтой удирдах шаардлагыг бий болгож байна. Энэ нь цар тахлын дараа эдийн засаг сэргэх зайлшгүй чухал нөхцөл болох юм” хэмээн онцлон тэмдэглэв.
Ковид-19 цар тахлын улмаас экспорт, гадаад валютын орох урсгал огцом буурч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээний салбарын агшилт эдийн засгийн өсөлтийг бууруулсан бол зөвхөн хөдөө аж ахуйн салбар л өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Оны эхний долоон сард барааны гадаад худалдааны эргэлт 16.6 хувиар буураад байна.
2019 оны эхний хагаст 7.1 хувь байсан жилийн инфляцын дундаж түвшин энэ оны эхний хагаст 6.1 хувь болж буурсан бөгөөд Төв банкны зорилтот түвшин болох 8 хувиас доогуур түвшинд байх төсөөлөлтэй байна. Энэ нь хүнсний үнийн өсөлт харьцангуй тогтворжсон, дотоодын эрэлт буурсан, тээврийн болон амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ буурснаар тайлбарлагдана. Дотоод эрэлт бага байхтай уялдан инфляц 2020 онд өмнөх төсөөллүүдээс буурах, харин нийт эрэлт нэмэгдэх, импортлогдох инфляц өсөх хүлээлттэй уялдан 2021 онд инфляц өсөх төлөвтэй байна.
Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засагт сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, зэс, алтны үнэ мэдэгдэхүйц өсч байгаа нь энэ оны хоёрдугаар хагаст уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт эхний хагас жилтэй харьцуулахад сайжрахад нөлөөлнө. Гэхдээ эдийн засгийг идэвхжүүлэх төсвийн бодлогын орон зай 2020 онд хязгаарлагдмал байгаа бөгөөд төлбөрийн тэнцэл, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид учирч буй дарамт нь мөнгөний бодлогын төлөвийг цаашид сулруулах боломжийг мөн хязгаарлаж болзошгүй.
Энэхүү шинэчилсэн төсөөллийг бууруулж болзошгүй дараах эрсдэлүүд байна. Үүнд, цар тахлыг хязгаарлаж хяналтанд оруулахад илүү их цаг хугацаа шаардагдах, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг сэргэх хугацаа хойшлогдох, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх, гадаад, дотоод санхүүжилт тогтворгүй болох, макро эдийн засгийн бодлого харилцан уялдаагүй байвал төлбөрийн тэнцэлд нэмэлт дарамт учруулах зэрэг болно гэж тайланд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )