Австрали, Хятад хоёр дахиад муудалцаад эхэллээ, ашгүй манай нүүрсний экспорт өсөх нь гэж бид эндээ битүүхэн хүлээж байв. Гэвч статистик үзүүлэлтүүдийг харахаар том орнууд цар тахлын энэ хүндрэлтэй үед гадаад худалдаагаараа яаран тоглохыг хүсэхгүй байгаа нь харагдаж буй юм.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монголд хийсэн айлчлалын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэх мэдээллийг албаныхан өгч байна.
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд - Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж буй нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тайлбарлаж байгаа юм.
Ер нь бол өмнө нь талуудын харилцан айлчлалын хүрээнд энэ асуудал дандаа яригдаж ирснийг хэлэх нь зөв байх.
Монгол Улсын төсвийн орлогод гол нөлөөтэй уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортын аль аль нь коронавирустэй холбоотойгоор уруудсан энэ үед Хятадын эрэлт, ааш аяг мэдээж чухал.
Оны эхний найман сард уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 2.1 их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 473.6 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байгаа юм.
Тэгвэл Хятадын нүүрсний импортын үзүүлэлтийг харвал эхэнд хэлсэнчлэн Австрали, Хятад хоёр тэгтлээ муудалцаагүй нь харагдаж байна.
Учир нь Хятад улс долоодугаар сард Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар нэмэгдсэн байна. Оны эхний долоон сард Австрали, Канадаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 53.8 хувь, 45.3 хувиар тус тус нэмэгджээ. Харин Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ 9.5 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тэгэхээр хоёр улс маргаж, бидэнд ашиг ирнэ гэсэн хүлээлт одоогийн байдлаар биежээгүй байна гэсэн үг.
Ер нь уул уурхайн салбарын дотоодын үйлдвэрлэлээс гадна хүлээн авагч талын нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг нь асуудал. Учир нь Хятад өөрөө дотоодоосоо нүүрсээ олборлож, хэрэглэдэг.
Тус улсын Шанси, Хэбэй, Шандон, ӨМӨЗО-ны коксжих нүүрс нийт үйлдвэрлэл энэ оны оны эхний долоон сард 269 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан.
Оны эхний долоон сард Шанси мужийнх 60.3 сая тонн, Өвөр Монголынх 23.3 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 3.7 хувь, 6.1 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.
Харин Хэбэй мужийнх 5.6 хувь, Шандонг мужийн үйлдвэрлэл 26.3 хувиар тус тус буурсан мэдээтэй байна. Ерөнхий тус улсын мужуудад коксжих нүүрсний үйлдвэрлэл бууралттай байгаа нь коронавирусний улмаас буурсан эрэлт сэргэж буй ч эрсдэл байгааг харуулж байна.
Бид энд Хятадын сайдын айлчлалын хүрээнд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжийг нээж байна гэж ярьцгааж буй ч эл яриа ажил хэрэг болох хүртэл биднээс хамаарахгүй олон зүйл бийг сануулъя.
Сэтгэгдэл ( 1 )
nuurs awahgui geed baihad mangartaad awaach geed guigaad baih yum