60 жилийн дараа анх удаа агших Азийн эдийн засаг “L” хэлбэрээр сэргэнэ

2020 оны 09 сарын 17

Азийн эдийн засаг Ковид-19 цар тахлын нөлөөгөөр сүүлийн 60 орчим жилийн хугацаанд энэ жил анх удаа агших төсөөлөлтэй байгааг Азийн хөгжлийн банкны шинэ тайланд онцолж байна. Оны нэгдсэн дүнгээр Азийн эдийн засгийн өсөлт -0.7 хувь болж агшихаар байгаа нь 1960-аад оны эхэн үеэс хойш эдийн засаг агшиж буй анхны тохиолдол болохоор байгаа аж.

Харин ирэх 2021 онд цар тахлын нөлөөлөл сарних хүлээлттэй уялдан бүс нутгийн эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, эдийн засагт мэдэгдэхүйц өсөлт гарч 6.8 хувьд хүрэх төлөвтэй. Гэхдээ ирэх оны ДНБ нь цар тахлын өмнөх үеийн төсөөллөөс доогуур байх бөгөөд эдийн засгийн сэргэлтийн хэлбэр нь “V” хэлбэртэй бус, харин “L” хэлбэрийн өсөлт ажиглагдана гэж үзэж байна. Бүс нутгийн эдийн засгийн агшилт 2020 онд ойролцоогоор гурван улирал дараалан үргэлжлэх төлөвтэй боллоо.

Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Ясуюуки Савада “Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх улс орнууд 2020 оны туршид эдийн засгийн маш хүнд үеийг даван туулж байна. Ковид-19  цар тахлын эдийн засаг дахь сөрөг үр дагавар үлэмж их бөгөөд цар тахлын эхний үе шатны давалгаа улам сунжирч, түүний эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд удаа дараа давтагдах боллоо.

Ийм хүнд хэцүү үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, цар тахлын дараа бизнесийн үйл ажиллагааг эргэж сэргээх, ажил, үйлчилгээг ямар нэг аюулгүйгээр дахин эхлүүлэхийг гол зорилт болгосон, харилцан уялдаатай, өөр хоорондоо нягт нийцсэн оновчтой бодлогуудыг үе шаттай хэрэгжүүлэх нь туйлын чухал хэвээр байна. Энэ нь цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн сэргэлт илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй байх суурь нөхцөл мөн” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top