Монгол Улс нийт экспортын 70.7 хувийг Хятад руу хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Монгол Улс оны эхний найман  сард нийт 139 улстай худалдаа хийсэн ч нийт бараа эргэлтийн 55.8 хувийг БНХАУ эзэлж буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Энэ хугацаанд нийт бараа эргэлт 7.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 16.3 хувиар буурчээ.

Ингэж буурахад БНХАУ-тай хийсэн нийт экспорт 1.6 тэрбум ам.доллар буюу 33.7 хувь, импорт 93 сая ам.доллар буюу 6.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

БНХАУ-д хийсэн экспорт манай улсын нийт экспортын дүнгийн 70.7 хувийг бүрдүүлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 35.1 хувийг чулуун нүүрс, 31.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 65.9 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 59.2 хувийг алтны экспорт эзэлж байна.

Экспорт  оны эхний найман сард 4.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 908.2 сая ам.доллароор буурсан байна.

Харин наймдугаар сард экспорт 690.2 сая ам.доллар болж, өмнөх сараас 270.3 сая ам.доллароор буурчээ.

Экспортын 67.6 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа юм. Нийт экспорт өмнөх оны мөн үеэс буурахад зэсийн баяжмалын экспорт 317.7 сая ам.доллар, нүүрсний экспорт 967.7 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа нь алтны экспортыг өнгөрсөн оны мөн үеэс 3.3 дахин нэмэгдүүлж, 1.1 тэрбум ам.долларт хүргэжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top