Б.Лхагвасүрэн: Зоримог гэж дүгнэж болох шийдвэр гаргалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн цаашдын нөхцөл байдал болоод Мөнгөний бодлогын хорооны сүүлийн  хурал дээр өрнөсөн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.


“Гадаад орчинд Ковид-19-ийн тархалт үргэлжилж, дэлхийн эдийн засагт сорилт учруулсаар байгаа боловч гол эдийн засгуудад идэвхжил нэмэгдэж байна. Ялангуяа Хятадын эдийн засаг хоёрдугаар улиралд эерэг өсөлттэй, сүүлийн саруудад үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тэлэлттэй байгаа нь экспортын гол түүхий эдийн эрэлт болон үнэд эерэгээр нөлөөллөө. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч оны эхний хагаст хийж байсан төсөөлөл тооцооллоо эргэн харж, зарим нь сайжруулж дэлхийн эдийн засгийн төлөвийг өөдрөг тал руу нь засварлаж байна. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, зах зээлийн итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх зорилгоор хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад төсвийн тэлэх бодлогыг түлхүү ашиглаж байгаа нь нэг талдаа өрийг нэмэгдүүлж байгаа ч эерэг үр дүнгээ зохих хэмжээгээр үзүүлж эхлээд байна. Түүнчлэн гол төв банкуудын шийдвэрийн нөлөөгөөр гадаад зах зээл дээр ам.долларын санхүүжилтийн өртөг буурч байна.

Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл үйлдвэрлэл талаас өнгөрсөн  хоёр улиралд 30 хувь орчим унаад байсан уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ агшилттай байсан үйлчилгээний салбарууд дээр хөл хорио цуцлагдаж байгаа нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Мөн эрэлт талаас цэвэр экспорт дээр гол эерэг өөрчлөлт бий боллоо. Хэдийгээр төлбөрийн тэнцэл сайжирсан дүр зурагтай байгаа ч санхүүгийн зах зээл дээр идэвхжил сул, бодит секторын гүйцэтгэл тааруу хэвээр байгаа тул Мөнгөний бодлогын хорооны гишүүд эдийн засагт дэмжлэг шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Анх бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг хэлэлцсэн ч, бодлогын орон зай байгааг харгалзан хүүг 1 хувиар буулгаж, зоримог гэж дүгнэж болох шийдвэрийг гаргалаа. Бизнесийн байгууллагуудын энэ өвлийн бэлтгэл хангалт,  дээр нь ирэх 2021 оны бизнесээ төлөвлөж буй үед хүүг бууруулах шийдвэр нь зах зээл дээр чухал дохио болох юм. Бодлогын орон зай талаас шийдвэр гаргахад зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай нэг асуудал нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн байсан. Өнөөдөр бидний хувьд суурь хүү болгон ашиглаж байгаа төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн өгөөжийг илэрхийлж байгаа учир төгрөгийн ханшид ирэх дарамтыг нарийн тооцоолох, эрсдэлийг үнэлэх явдал чухал байдаг.      

Бодлогын хүүг бууруулснаар ханшинд ирэх дарамт нь зээлийн суваг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд, эдийн засгийг тэтгэх энэхүү гол санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал. Сүүлийн саруудад зээл аль хэдийн 5 хувь орчим агшилттай яваа тул төлбөрийн тэнцэл дээр том дарамт үүсгэхгүй болов уу. Валютын орох гарах урсгалын хувьд, хэд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно. Нэгт, гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Алтны үнэ түүхэн дээд $2000 орчимд, зэсийн үнэ $6000-аас дээш боломжийн түвшинд, нүүрсний экспорт сэргэж, хилээр 2000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч буй байдал, түүнчлэн импортууд болон зарим үйлчилгээний зардал хумигдан, ялангуяа нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр $40 орчимд буюу харьцангуй хямд байгаа зэрэг нь урсгал тэнцлийг сайжруулж валютын урсгалд эерэгээр нөлөөлж байна. Хоёрт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүжилтүүд хэвийн орж ирж байгаагийн зэрэгцээ Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх, хуваарийн дагуу орж ирэхээр байна гэж харж  байна. Валютын нөөцийн хувьд, импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж ирлээ. Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувь хүртэл суларсан. Харин монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 хувь орчим суларсан нь гол экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед харьцангуй сайн үзүүлэлт гэж харж байна. Гадаад сөрөг шокыг дан ганц валютын нөөц дээр авах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний ханшийн тохиргоо нь дунд хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх суурь болох учиртай.

Ерөнхийд нь дүгнэж хэлбэл,Төв банкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсөж байна. Өмнөх улирлын Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал худалдааны тэнцэл наймдугаар  сард  нэг тэрбум ам.долларын ашигтай гарч оны эхний хагаст үүсээд байсан алдагдал нөхөгдсөн. Санхүүгийн тэнцэл талаас бол олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас энэ ондоо багтан 700 сая ам.долларын зээл тусламж үзүүлэх гэрээ хэлцэл хийгдэж байгаа зэрэг эдийн засагт бий болсон өөрчлөлт, шинэ мэдээлэлд үндэслэн төгрөгийн ханш огцом савлагаа үүсэх эрсдэл буурсан. Ингээд эдгээрээс үзэхэд ханш өмнөх онуудынхаа хандлагаар тогтвортой байх боломжтой гэж тооцоолоод байна” гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.82) 2020 оны 09 сарын 23

Энэ гэж нэг сайхан авилгачин гар байна. Удахгүй бүх булхай чинь баримт нотлогоотойгоо дэлгэгдэж иргэдэд жинхэнэ төрхөө таниулах вий. Монгол руу хандаж буй гадны хөрөнгө оруулалтыг хясан боогдуулж хувь нэхдэг гар.

0  |  0
Top