Инфляцын зорилтыг ЗУРГААН хувь болгон бууруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Инфляцын түвшин  наймдугаар сард 2.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 6.8 пунктээр буурсан үзүүлэлттэй байгаа. Инфляц төв банкны зорилтот  түвшин болох найман хувиас  буурч байгаа нь эдийн засгийн идэвх суларсныг илтгэж байна гэж статистикчид тайлбарлаж байгаа.Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Инфляцыг хөөрөгдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн хоёр улиралд хурдтай суларлаа. Тодруулбал,  ДНБ  нэгдүгээр  улиралд -10.7 хувь, хоёрдугаар  улиралд -9.1 хувь агшсан байна. Хэдийгээр Засгийн газар болон Төв банкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодит орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч Ковид 19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд, өнгөрсөн жилүүдэд инфляцыг хөөрөгдөж байсан бараа бүтээгдэхүүний үнэд өндөр өсөлт бий болоогүй нь дарамтыг  зөөлрүүлж байна.

Тухайлбал мах, хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнэ боломжийн түвшинд хадгалагдаж байна. Наймдугаар  сараас хүнсний ногооны үнэ хямдарснаар аль хэдийн нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа. Инфляц ийнхүү бага байгаа нь эдийн засагт дэмжлэг шаардлагатайг илэрхийлэхээс гадна мөнгөний бодлогод орон зайг олгож байна. Төв банк өнгөрсөн гурван жилд инфляцын 8 хувийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж 6 хувийн түвшнийг интервалтай онилох бодлогод шилжинэ. Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляц нэмэгдэх ч, цаашид энэ түвшинд тогтворжуулахыг зорьж ажиллана гэсэн үг” гэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top