Коронавирустэй холбоотойгоор Монгол Улсын нүүрсний борлуулалт, экспорт наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 967.7 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байгаа.
Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өгч буй мэдээллээр цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад нүүрс борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай ТУЗ-аас баталсан удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дүгээр сард олжээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны гуравдугаар улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсан байна. Үүний 61 хувь буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39 хувь буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулаад байна.
Есдүгээр сард 25-ны өдрийн байдлаар 1.3 сая тонн нүүрс борлуулж, ачуулсан нь өмнөх сарын үзүүлэлтээс гурав дахин өссөн үзүүлэлт буюу энэ оны нийт борлуулалтын 30 хувийг эзэлж байгаа өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл ( 0 )