ДЭЛХИЙН БАНК: Монголын эдийн засаг 2021-2022 онд өснө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

 

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшихаар байна гэж Дэлхийн банкнаас өнөөдөр (2020.09.29) танилцууллаа.

Цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулж, гадаад эрэлт буурснаар эдийн засаг ийнхүү агшихаар байна гэж үзэж буй юм. Түүнчлэн энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол гэж тодотголоо.

Дэлхийн банк Ковид-19 цар тахал Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт гурван гол сувгаар нөлөөлж байна гэж мэдээллээ. Тодруулбал,
 

  • Цар тахлын сөрөг нөлөө
  • Хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар
  • Хямралаас үүдсэн глобал эдийн засгийн уналт


Цар тахал ойрын жилүүдэд эдийн засагт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг Дэлхийн Банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт 2020 оны аравдугаар сарын Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.

Цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орнуудын эдийн засаг сэргэж байна. Гэвч уг бүс нутгийн эдийн засаг нь глобал эдийн засгаас өндөр хамааралтай бөгөөд глобал эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна. Бүс нутгийн эдийн засаг 2020 онд ердөө 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойших  хамгийн бага үзүүлэлт болохоор байна.

Тодруулбал, БНХАУ-ын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, гуравдугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан 2020 онд эдийн засаг нь 2 хувиар өсөх төлөвтэй байна. Харин бүс нутгийн бусад орнуудын эдийн засаг 3.5 хувиар агших төсөөлөлтэй байна.

Уг бүс нутгийн эдийн засгийн төлөв 2021 онд харьцангуй өөдрөг байна. Тухайлбал, Ковид-19-ийн эсрэг вакцин гарч томоохон улс орнуудын эдийн засаг сэргэнэ гэж үзвэл 2021 онд Хятад 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт 2021 оноос хойших хоёр жилд цар тахлаас өмнө төсөөлж байснаас доогуур түвшинд байх төлөвтэй байна. Ялангуяа Номхон далайн арлын улс орнуудын өсөлт 2021 он хүртэл хямралын өмнөх төсөөллөөс 10 орчим хувиар доогуур байх дүр зураг ажиглагдаж байна.

Уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад 5-аас дээш хувиар өсөх төлөвтэй.

Бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна: цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсч болзошгүй.

Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд ДНБ-ийхээ дунджаар 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, айл өрхүүдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна.

Гэвч өмнө нь ДНБ-ийхээ 1 хувь хүрэхгүй хэмжээний хөрөнгийг нийгмийн хамгааллын хөтөлбөрүүддээ зарцуулдаг байсан зарим орнуудын хувьд нийгмийн хамгааллын зардлыг цаашид нэмэгдүүлэх боломж хомс байгаа бөгөөд цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх тохиолдолд энэ нь төсвийн орлогын бааз суурьт нь дарамт үзүүлэх эрсдэлтэй байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Ковид-19 цар тахлын нөлөө ядуу хүмүүст хамгийн хүндээр тусаад зогсохгүй, ядуусын эгнээг тэлж байна. Бүс нутагт өмнө түүхэнд байгаагүй сорилтууд тулгарч, засгийн газрууд бодлогын маш хүнд сонголттой нүүр тулж байна. Гэвч дээрх нөхцөл байдлыг зөөлрүүлэх бодлогын ухаалаг сонголтууд бас байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, халдварт өвчнийг оношлох, хянах, тогтоон барих чадавхыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлж, сайжруулах шаардлагатай” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top