Өмнөговь аймгийн Цогтцэцийн 59.6 км замыг чанарын шаардлага хангаагүй цементээр барьж байна гэх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.
2016 онд Монгол улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар-Даланзадгадын чиглэлийн хатуу хучилттай замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 59,6 км авто зам барихаар болж, гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн. Энэ замыг 39 сая ам.долларын өртгөөр концессын гэрээгээр барихаар төлөвлөсөн бөгөөд “Эн Си Эф” гэх компани дээрх замыг барьж байгуулахаар болсон юм.
Гэвч дөрвөн жилийн хугацаанд энэ замын ажил зогсоод байсан бөгөөд тендер авсан “Эн Си Эф” компани нь санхүүгийн асуудлаас үүдэн ажлаа хийгээгүй байна. Улмаар “Капитрон” банкаас зээл авч замын ажлаа эхлүүлсэн боловч энэ замыг чанарын шаардлага хангаагүй цементээр барьж байгаа гэдэг мэдээлэл гараад байгаа юм.
Тодруулбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Цогтцэций сумын 59.6 километр замыг тавьж буй “Эн Си Эф” компанид зээл олгох нэрийдлээр олон тэрбумын үнэтэй хятад цемент шахсан гэдэг эх сурвалжийн мэдээлэл бий.
Тиймээс манай сурвалжлах баг замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзахаар Цогтцэций сумыг зорилоо. Замын хучилтын ажил хийгдэж эхэлсэн боловч цаг агаар муудсантай холбоотойгоор ажил түр зогсоод байгаа аж.
Энэ замын далангийн ажил дууссан. Харин хучилтын ажил эхлээд сар орчим хугацаа өнгөрч байгаа тухай “Эн Си Эф” компанийн замын төслийн багийн ахлагч Ч.Одбаатар хэллээ.
Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Цогтцэцийн замыг аравдугаар сарын 4-нд хүлээлгэж өгнө гэсэн. Гэвч энэ өдөр хэдийн өнгөрсөн байна. Яг одоо замын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Замын далангийн ажлыг хувьд оруулж тооцдоггүй. Одоо гэхдээ далангийн ажил дууссан, хучилтаа хийгээд явж байна. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор ажил түр зогссон байгаа. Цаг агаар хүйтэрвэл зам барилгын ажил бүгд зогсдог.
-Ер нь энэ ондоо багтаж ашиглалтад орох болов уу?
-Амжихгүй. Гэхдээ бид ажлаа аль болох явуулахыг хичээж байна.
-Концессын гэрээг одоогоос дөрвөн жилийн өмнө 2016 онд байгуулсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл яагаад энэ ажил явагдаагүй юм бэ?
-Хөрөнгө санхүүгийн асуудал гарч байсан юм билээ. Мөн энэ урд байдаг Н.Туяа гэдэг малчин өвгөн бэлчээрийн маргаан гаргаад, дунд нь замын транс өөрчлөгдсөн юм. Энэ мэтээр ажил хойшлогдож байсан. 2019 оны зургаадугаар сараас замын ажил эхэлж одоо хийгдээд явж байна. Дөрвөн туслан гүйцэтгэгч компанитай.
“Мотор сервис” ХХК 10 км зам, “Шилдэг зам” ХХК 20 км зам, “Нью ланд роад” 10 км зам, “Эста” ХХК 20 км замын ажлыг тус тус хариуцаж байгаа.
-Танайх замд ашиглаж байгаа цементээ хаанаас авдаг вэ?
-"Монполимет"-оос нэг хэсгийг нь авдаг. Нэг хэсгийг нь Хятадаас Замын-Үүдээр дамжуулж авдаг.
-БНХАУ-аас оруулж ирсэн цементийг чанарын шаардлага хангахгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарсан байсан. Энэ тухайд юу гэх вэ?
-Хаанаас ийм мэдээлэл гарсныг мэдэхүй. Бид нар шаардлага хангаагүй цемент ашиглаж болохгүй. Манайх хоёр зөвлөх компанитай. Энэ зөвлөхүүдийнхээ хий гэснээр л хийдэг.
-Хятадаас оруулж ирж байгаа цементийг танай компани өөрсдөө оруулж ирдэг үү. ”Ажнай” Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий компани гэсэн. Энэ үнэн үү?
-Манайх оруулж ирдэггүй. Гэрээтэй компаниар дамжуулж авдаг. “Ажнай” корпорацийн охин компани юм билээ.
Ийнхүү “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан их хэмжээний хятад цемент нийлүүлсэн нь Ч.Одбаатарын ярианаас тодорхой болсон юм.
Гэвч түүний нийлүүлсэн цементийг замын ажилд ашиглаж болохгүй гэсэн итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гарсан байна. Одоо энэ цемент хэдийн зам дээр дэвсэгдээд байгаа учраас замын чанарын тухай сэдэв зайлшгүй гарч ирж байгаа юм.
Лабораторид цементийг нийт долоон үзүүлэлтээр шинжилдэг. Гэтэл энэ долоон үзүүлэлтийн хоёр нь шаардлага хангаагүй. Лабораторийн дүгнэлтэд дурьдсанчлан цементийн хэвийн өтгөрөлт нь стандарт хэмжээнээс хэт их гарсан байна. Гулзайлтын бат бэх чанарын хариуг тэг гэж тэмдэглэх ёсгүй. Хэрвээ цементийн энэ үзүүлэлтийг шалгаагүй бол өөр тэмдэглэгээ хийсэн байх ёстой гэдгийг замын инженер, материалын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Нэгэнтээ ийм цементээр хучигдсан замтай чанар стандарт яриад ч хэрэггүй бөгөөд үүнд мэргэжлийн хяналтын байгууллага зайлшгүй хяналт тавих шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.
Бидэнд олдсон мэдээллээр замд ашиглагдаж байгаа чанарын шаардлага хангаагүй цементийг “Ажнай” группийн охин компаниас гадна замын ажлыг хариуцан ажиллаж байгаа “Эн Си Эф” компани мөн оруулж иржээ.
“Эн Си Эф” компанийн зүгээс өөрсдөө цемент оруулж ирдэггүй гэдэг тайлбар өгч байгаа ч дээрх компанийн нэр дээр Гашуунсухайтын боомтоор хятадад үйлдвэрлэсэн их хэмжээний цемент орж ирснийг гаалийн бичгээр бид баримтжууллаа.
Түүнчлэн “Эн Си Эф” компани нь “Ажнай Цэгц” компанийн охин компани гэдэг мэдээлэл бий. Ийнхүү утас хөвөрсөөр замд ашиглаж байгаа чанарын шаардлага хангаагүй цементийг бүгдийг нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ оруулж ирсэн ч байж болзошгүй байгаа юм. Харин энэ асуудалд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон бусад хуулийн байгууллагууд хяналт тавих шаардлага үүсээд байгааг энэ сурвалжилгаар уламжиллаа.
Сэтгэгдэл ( 5 )
Hudla medeelel bna daa. Huniig harluulh bolruulah ymandaa sain ymaa chi iim hudla medeelel hedeee tsatsdag we
Сонгуульд нэг талд уйлчилж яваа сурвалжлагч бна. Сурвалжлага авсан юм бол яагаад хэрэгтэйг нь гээгээд байгаа юм бэ? Аймаг, Улсын мэргэжилийн хяналт узээд акт тавихыг тавьсан, уурэг даалгавар огсонийг яагаад бичихгуй харлуулаад байгаа юм бэ. Замчид дотоодын болоод хондлонгийн хяналтаар одор болгон ажлаа шалгуулдагийг мэддэггуй юм уу.
Энэ шуналын тулмыг хазаарлах, хариуцлагад татах хууль тогтоомж улсад байна уу? Яасан цадаж ханадаггүй хар хувалз вэ???
Энэ шуналын тулмыг хазаарлах, хариуцлагад татах хууль тогтоомж улсад байна уу? Яасан цадаж ханадаггүй хар хувалз вэ???
Jungaa tsement tsul tsahilgaan stantsiin unstei doroo butraad shoroo boldog hulhiin hulhishuudee