ШҮҮХ: Д.Бат-Эрдэнэ нарын 4 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Өнөөдөр /2023.02.14/ болсон Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн хурлын үеэр нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өглөө.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий 11 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бол  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын дөрвөн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа “Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга н.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж, 323,400 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, албан тушаалын байдлаа ашиглаж, 18 тэрбум 478 мянга 856 төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулах гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Улмаар тус шүүхээс Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан.

Мөн энэ хэрэгт холбогдуулан шүүхээс Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Д.Мөнхнасанг  “Тавантолгой” ХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллах үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,

П.Мөнхтуулыг “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлын албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ж.Мягмардоржийг “Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлтийн ахлах инженерээр ажиллах албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ. 

Яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/  гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж,  мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.138.69) 2023 оны 02 сарын 23

Ajnai ,jenko hoer shig tom hulgaich bn shuuu

0  |  0
Зочин(202.126.90.56) 2023 оны 02 сарын 14

Худлаа жүжиг юм бишүү найз танил юм бол

1  |  0
Иргэд(202.126.90.56) 2023 оны 02 сарын 14

Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөнтэй батэрдэнэ найз л гэсэн дээ хүмүүс яриал бдаг ш дэ

1  |  0
Top