Их Британи: ОХУ-ын тусгай алба Токиогийн олимпын эсрэг халдлага хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

 

Их Британийн Засгийн газар ОХУ-ын Тагнуулын төв газрыг 2020 оны Токиогийн Олимпын наадмын зохион байгуулалт, ложистиг үйлчилгээ хариуцсан албан тушаалтан, байгууллага болон ивээн тэтгэгчдийн эсрэг цахим халдлага хийсэн гэж буруутгажээ. CNN агентлагийн мэдээлснээр, Оросын тусгай албадын зүгээс хийсэн цахим халдлага Оросын тамирчдын допинг хэрэглэсэн хэргийг шалгаж байсан агентлагуудын эсрэг чиглэжээ.

“Бид ОХУ-ын Тагнуулын төв газрын Олимп, Паралимпын наадмын эсрэг чиглэсэн увайгүй бөгөөд ухамсаргүй энэ үйлдлийг хамгийн хурц хэлбэрээр буруушааж байна. Нэгдсэн Вант Улс түншүүдийн хамтаар цаашид ч ийм хорон санаа агуулсан халдлагуудыг илрүүлсээр байх болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Оросын зургаан иргэний эсрэг АНУ, Франц, Украин, Японд цахим халдлага үйлдсэн хэрэг үүсгээд байна. АНУ-ын Ерөнхий прокурорын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Демерс ОХУ-ын Тагнуулын төв газрын офицерууд Америкийн компаниуд, Украины эрчим хүчний систем, 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын зохион байгуулагчид болон 2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын эсрэг халдлага үйлдсэн гэж мэдэгджээ. Тэднийг 2017 онд “NotPetya” вирус дэлгэрүүлэхэд оролцсон гэж үзэж байна. Их Британи ОХУ-ын Тагнуулын төв газрын нэгж өөрийгөө Хойд Солонгос, Хятадын хакер мэт зүсээ хувирган, Пёнчаны Олимпын наадмыг тасалдуулах оролдлого хийсэн гэж үзэж байна. Тухайн үед хакерууд Олимпын наадмын цахим хуудсыг эвдэсний улмаас үзэгчид урьдчилан захиалсан тасалбараа хэвлэж чадахгүйд хүрснээс гадна стадион дахь Wi-Fi сүлжээг тасалджээ.

Сануулахад, сэргээшний хэргээр ОХУ-ын тамирчдыг 2018 оны өвлийн Олимпын наадмаас хасаж, 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хассан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top