БНАСАУ Өмнөд Солонгосын иргэнийг хөнөөсөн хэргийн талаар тайлбар өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

 

Хойд Солонгосын тал Өмнөд Солонгосын иргэнийг БНАСАУ-ын усан хилийн бүсэд хөнөөсөн хэрэг нь Сөүлийн зүгээс иргэддээ хангалттай хяналт тавьдаггүйтэй холбоотой гэж Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

“Шар тэнгист саяхан гарсан ичгэвтэр хэрэг Өмнөд Солонгосын талаас эмзэг, асуудалтай бүсэд өөрийн иргэдэд муу хяналт тавьдгийн үр дагавар юм. Тиймээс энэ хэрэгт юуны өмнө Өмнөд Солонгосын тал буруутай. Энэ бол бидний хувиршгүй байр суурь” гэж БНАСАУ-ын төрийн мэдээллийн төв байгууллага мэдээлжээ.

Пёньян Умард, Өмнөдийн харилцааг гамшигт хүргэх дахин ийм санамсаргүй бөгөөд тааламжгүй хэрэг давтагдахыг харахыг хүсэхгүй байна гэж мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн сарын 21-нд БНСУ-ын Далай, загас агнуурын яамны Загас агнуурын албаны байцаагч Хойд Солонгосын усан хилийн бүсээс холгүй хяналтын завьнаас алга болсон билээ. Хожим нь Хойд Солонгосын усан хилийн бүсэд Өмнөд Солонгосын иргэнийг орсон байхыг нь илрүүлж, буудан хөнөөсөн юм. Өмнөд Солонгосын тал тухайн иргэн нь Умард руу зугтаахыг завдсан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Мөн сарын 25-нд Хойд Солонгос болсон хэрэг явдалтай холбогдуулан Өмнөдөд тайлбар хийж, уучлал хүссэн бөгөөд ийм хэрэг дахин давтагдуулахгүйн тулд арга хэмжээ авна гэж амлаж байсан билээ.

Өмнөд Солонгосын тагнуулын алба БНАСАУ-ын цэргүүд иргэнийг нь буудаж хөнөөснийхөө дараа цогцсыг нь шатаасан гэж үзэж байгаа бол Пёньяны зүгээс тухайн иргэний хэрэглэж байсан хөвөх хэрэгслийг шатаасан гэж мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top