Монголын Бурханы шашны түүхэнд их хэлмэгдүүлэлтийн үеэс хойш анх удаа "АГРАМБА" цолтон төрөн гарсан нь Монголын Бурханы ашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Жүд дацан буюу "НУУЦ ТАРНИЙН ИХ АМГАЛАН ОРОН"-ы ууган шавь Александрын Баасанням ламтан юм.
Тэрбээр 2012 онд Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшаас гэлэнгийн санваар хүртэн винайн ёсыг нандигнан дээдлэн сахиж, олон эрдэмт багшаас увидас, эш, даган соёрхол, авшиг хүртэн суралцаж, судрын аймаг ном, тарнийн аймаг ном болон Очирт хөлөгний хурлын зан үйл чого чаглин тэргүүтэн Бурханы шашны учир шалтгааны үүднээс номлосон нарийн номлол, нууц увдис, шид бүтээлд хоцролгүй суралцсан байна.
А.Баасанням ламтан 2020 оны хоёрдугаар сард бурханы шашны эрдэм оюуны дээд эрмдийн цол болох "Аграмба" \аграмбын дамжааг дүүргэн\ цолыг анги дамбын \нэгдүгээр байраар\ эрэмбээр хамгаалсан нь Монголын Бурханы шашин хийгээд сүсэгтэн монгол зон олны бахдам, түүхэн үйл явдал болсон юм.
Тэрбээр өдгөө Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн захиргааны шийдвэрээр уугуул Жүд дацандаа Дорж ловонгийн сэнтийд залагдан эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг санан номыг хурыг буулгасаар байна.
Түүнтэй ярилцахад үнэхээр л эрдэмт хүн даруу гэдэг үгийн утга учрыг ухаарч суулаа. Эрхэм уншигч танд эрдэмт хүмүүнтэй чадан ядан ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд танд Монголынхоо сүсэгтэн олны өмнөөс “Аграмба” хэмээх хүндтэй цолыг хамгаалсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлага авахаар ирсэнд та бүхэнд мөн талархаж байна.
-Таныг уншигчид маань төдийлөн танихгүй байж болох юм. Тиймээс өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Александарын Баасанням гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Бага насандаа аавынхаа нутаг Сэлэнгэ аймагт мөн амьдарч байсан. Улаанбаатарт наймдугаар анги төгстлөө суралцаж, дараа нь шашны сургуульд орсон. Ганданд шинээр байгуулагдаж байгаа Жүд дацанд лам болох сонирхолтой хүүхдүүдийг элсүүлж байна гэсэн зараар дүүтэйгээ хамтдаа очиж, элсэж байсан.
-Зарын дагуу очиж, ах, дүү хоёулаа лам болсон гэхээр сонирхолтой байна л даа. Яагаад лам болохоор шийдсэн бэ. Эсвэл таны удамд эрдэм номтой, лам хүн байв уу?
-Манай ээж Завхан аймгийн хүн л дээ. Ойрын талаас нь эрдэм номтой лам хүн байсан гэдэг. Эмээ намайг лам болгоно гэж ярьдаг байсан нь их нөлөөлсөн байх
-Гандангийн Жүд дацанд хэдэн жил суралцаж, Энэтхэг рүү явсан бэ?
-1998 оны наймдугаар сард энэ дацандаа шалгуулж орсон. Түүнээс хойш гандандаа хурал номоо хурж байгаад Энэтхэг рүү 2003 оны аравдугаар сард есүүлээ явсан даа.
-Та бүхэн Энэтхэгийн хаана, ямар сургуульд суралцсан бэ?
-Өмнөд Энэтхэгийн Карнатака мужийн Майсур дүүрэгт хамаарах, хотоосоо цаг гаран явж хүрдэг, аглаг зэлүүд газарт байрлах тарнийн сургалттай “Балдан Жүд Мад” гэдэг дацанд 17 жил шавилан суусан. Үүнээс виз сунгуулахаар дундуур нь гурван удаа Монголдоо ирсэн.
-Эрдмийн зэргийг бакалавраас профессор гэсэн дарааллаар авдаг шиг “Аграмба” цолыг хамгаалахад шат дараалал бий юу. Өмнө нь бурханы шашны ямар эрдмийг олж авсан байх ёстой вэ?
-Ер нь тарнийн сургалт руу орохын өмнө Судрын ёсоо заавал судалсан байх шаардлагатай байдаг. “Аграмба” хэмээх цолыг хоёр янзаар суралцаж, хамгаалдаг. Сэра, Гоман тэргүүтэй судрын ёсны том дацангуудад гэвш, гавж, лхаарамба цолнуудыг хамгаалдаг. Тэдгээр цолоо авсан хүмүүс тарнийн дацанд ирж, суралцаад, сая хамгаалж чадсан цагт тарнийн дацангаас олгож байгаа цолыг авна. Нөгөөтэйгүүр анхаасаа тарнийн сургалттай дацанд суралцаж, цолоо хамгаална.
Судрын сургалттай хийдүүдэд сургалтыг маш дэлгэрэнгүй судалдаг. Нийтдээ 22 жил суралцаж судрын ёсны сургуулиа төгсөнө.
Тэр сургалтыг миний шавилан суусан Жүдмад дацанд эхний 10 жил товчхон буюу хөнгөн программаар үздэг. Судрын ёсоо ингэж сураад сая тарнийн ёсны сургалт руу ордог.
-“Аграмба” гэдэг нь ямар учиртай цол вэ?
-Аграмба гэдэг нь төвөд үг. Аг, рамба гэсэн хоёр үгнээс бүтсэн. Аг нь монголоор орчуулбал тарни гэсэн үг. Рамба гэдэг нь эрдэмтэн, мэргэн гэсэн утгатай. Утгачилбал тухайн үзэж, судалсан сэдвээрээ мэргэшсэн гэсэн үг юм даа.
-Монголын бурхан шашинтны түүхэнд хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш анх удаа монгол хүн маань “Аграмба” цолыг хамгаалсан юм байна. Энэ талаар яриач. Танаас өмнө ямар хүн энэ цолыг авч байсан бэ?
-Надаас өмнө хэн гэдэг хүн энэ цолыг хамгаалсныг сайн мэдэхгүй. Ер нь бол 1937 оноос хойш аграмба цол тасарсан юм билээ. Тарнийн сургалттай дацангуудыг Жүд гэж нэрлэдэг.
Монголын хөдөө орон нутаг, Хүрээнд олон тооны жүд дацан байсан юм билээ. Тэр дацангуудаас төгссөн лам нарт “Аграмба” цолыг өгдөг байж. Сүүлд 1937 оны хэлмэгдүүлэлтээр жүд дацангийн сургалт тасарч, 1998 оны наймдугаар сард Гандантэгчэнлин хийдийн Жүд дацан маань сэргэж, дахин байгуулагдсан. Жүд дацангийн сургалт тасрахаас өмнө архивын баримт мэдээлэл, анх биднийг шалгаж авсан Бизьяа багшийнхаа судалгаанаас харахад зөвхөн Хүрээнд аграмбууд 2000-аар тоологдож байсан байдаг. Хөдөө орон нутагт бүр их байсан гэж багш маань хэлж байсан.
-Жүд дацан нь тарнийг судалдаг юм байна. Би бол тарни судлал нь хүний сэтгэлийг судалдаг гэсэн ерөнхий ойлголтой байдаг. Тэгэхээр нууц тарнийг судалж мэднэ гэхээр яг юуг судалж, ямар эрдэм эзэмшдэг вэ?. Энгийн хүнд ойлгохоор тайлбарлаж өгөөч.
-Нууц тарни гэдгийн учир нь нууц тарнийг сонсоход боловсроогүй хүмүүсээс хамгаалж нууц гэсэн үгээр илэрхийлсэн. Түүнээс бус ямар нэгэн алдаа мадгийг нууцалсан зүйл биш. Тухайн номыг сонсохын тулд тодорхой хэмжээнд боловсрох ёстой. Тэр хэмжээнд хүрээгүй хүмүүсээс нууцалдаг учраас нууц гээд байгаа юм. Тарни гэдэг маань өөрөө төвөдөөр “Аг” гэж нэрлэнэ. Төвөдөөрөө “Эд, Жов” гэж тайлбарладаг. Санскритаар “Мантра” гэж нэрлэдэг. Төвөдөөр тайлбарласан утгыг нь яривал сэтгэлээ уйсгах, сэтгэлээ аврах гэсэн утгатай үг. Сэтгэлээ юунаас аварч, уйсгах гээд байна вэ гэхээр, бүр энгийн хүмүүс ойлгох, хамгийн доод ойлголт дээр яривал хүний дотоод сэтгэлд ямар л гэм байна вэ, тэр бүгдээс өөрийгөө уйсгаж, аврах гэсэн утгатай.
Судрын ёсонд ч муу зүйлээс сэтгэлээ аврах арга байна. Гэхдээ тарнийх нь түүнээс арай нарийн түвшинд явагдана.
-Нууц тарни эзэмшинэ гэхээр ямар нэгэн тарни уншаад л, усан дээгүүр алхаад явчих жишээний шид үзүүлдэг юм болов уу гэж бодоод байна?
-Дээр үед тийм чадвартай, шидийг үзүүлдэг лам олон байсан гэдэг. Гэхдээ тэр болгон "би ийм чадвартай" гэж үзүүлээд байдаггүй. Чадвараа үзүүлэхээс өөр аргагүй, цаг нь болсон үед л ганц, нэг хүнд шидээ харуулдаг байсан гэдэг. Ид, шидийг ор тас худлаа зүйл гэж үгүйсгэх нь өрөөсгөл. Нөгөөгөөр бид ч гэсэн түүнийг үнэн гээд яриад байх зохимжгүй.
-Та бүхэн маань тарнийн ёсыг судалж, мэдээд “Аграмба” цолыг хамгаалдаг. Тэгэхээр энэ цолыг авсан хүн бидний ярьдгаар ид шидийг эзэмшчихсэн гэж ойлгож болох уу?
-Ингэж асуух нь зөв л дөө. Миний тухайд онолыг нь л үзчихсэн гэж ойлгож болно. Гэхдээ би чинь төгс биш ээ. Надаас илүү мундаг хүмүүс тэнд олон байдаг.
Дээр үеийн дээдсүүд бол онолыг нь үзсэн шигээ онол дээр гарч байгаа эрдмийг өөр дээрээ хэрэгжүүлж, тухайн чадамжуудыг төрүүлчихсэн мундаг улсууд байсан байгаа юм. Одоо бол би өөрөөрөө жишихэд тэр хэмжээнд хүрнэ гэхэд их хэцүү байх. Гэхдээ гаднаас нь хараад мэдэхгүй учраас тийм хэмжээнд хүрсэн хүн байхыг үгүйсгэх аргагүй.
-Та их л даруухан ярьж байна даа. “Аграмба” цолоо хамгаалахад нэгдүгээр байрт орж байсан гэсэн.
-Яах вэ, нэгдүгээр байрт орсон нь тухайн үеийн шалгалтад ном хаялцахад үзүүлж байгаа оноо л юм. Өөрийнхөө хэмжээнд бэлдээд шалгалтдаа орсон. Сургуулиа төгсөхийн тулд тухайн оноонд хүрэх шаардлагатай учраас ном хаялцаж байхдаа гадаад дүр байдлаараа ч номдоо орж хаях зэрэг үүнд хамаарна. Дээр нь аз таарах гэж байна. Шалгалт авч байгаа багш нар нэг нэгээрээ оноо тавьдаг. Онооны нийлбэрээр байр эзлүүлнэ. Би зүгээр л бага зэрэг азтай байсан байх \инээв\.
ДАРААГИЙН АГРАМБА 10 ЖИЛИЙН ДАРАА ТӨРНӨ
-“Аграмба” цол хамгаалах шалгалтад тантай хамт хэчнээн лам оролцсон бэ. Шалгалтанд тэнцэхгүй унах тохиолдол байх уу?
-Манайх бусад том хийдүүдийг бодвол харьцангүй цөөн, 400-аад сурагчтай. Сургуулийн хэмжээнд бүр доороос нь эхлээд 15 анги байдаг. Манай ангид 13 лам байсан. Үүнээс зөвхөн зургааг нь л төгсгөнө гэсэн нормтой. Нэрсийн дарааллаараа эхний зургааг нь төгсгөнө.
-Монгол Улсын хэмжээнд таны араас ойрын хугацаанд хэзээ дахин Аграмба цолыг хамгаалсан лам гарч ирэх вэ?
-Өө байлгүй яахав. Миний сурч төгссөн Жүдмад дацанд Монголоос арав гаруй лам суралцаж байгаа. Тэднээс дараагийн аграмба цолыг 10 орчим жил болж хамгаалах байх. Уг нь миний дараа хамгаалах манай хүнд дөрөвхөн анги л үлдчихээд байгаа юм. Чиний дээр одоо хэдэн хүн байна вэ гэхэд “одоо ямар ч байсан надад 10 жил байна даа” гэж хариулж байсан.
Манай хийдээс гадна өөр тарнийн сургалттай хийдэд монголчууд маань байдаг. Тэднийг ойрны хугацаанд хэзээ энэ цолыг хамгаалахыг мэдэхгүй байна.
-Шинжлэх ухаан хүний сэтгэл судлах асуудал дээр мухардалд орчихсон. Судар болон тарнийн ёсыг эзэмшсэн олон лам шинжлэх ухааны салбартай хамтарч ажиллаж байгаа. Буддын шашин мэдрэхүйн тал дээр шинжлэх ухаанаас түрүүлж алхаж байгаа гэж уншсан.
-Бидний зүгээс яривал яагаад түрүүлж алхаж байгаа гэж үздэг вэ гэхээр орчин үеийн шинжлэх ухаан технологид тулгуурладаг. Технологи нь хүний харах, сонсох, амтлах, хүрэлцэх, үнэрлэх гэсэн таван мэдрэхүйнд л хамаарагддаг. Технологидоо тулгуурлаж гарсан үр дүнг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.
Буддын шашин нь зургаа дахь мэдрэхүй буюу сэтгэлийг судалдаг. Үүнд зориулсан технологи гэж байхгүй.
Бясалгаж байгаа хүний гол үйл явц, ажил нь дотоод сэтгэлд явагдаж байдаг. Сэтгэлд явагдаж байгаа зүйлсээс хамаараад тухайн хүний тархинд янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Үүнийг орчин үеийн эрдэмтэд технологио ашиглан, гаднаас нь ажиглан тэмдэглэж авдаг. Дарааа нь бясалгагчийг бясалгалаасаа сэрэхээр нь ямар зүйлийг бясалгаж байхад тархины аль хэсэгт ямар өөрчлөлтүүд гарч байв гэдгийг тэмдэглэлтэйгээ тулган үзэж, судалдаг. Түүнээс шинжлэх ухаан хүний сэтгэл, бясалгалд нь ороод юу болдгийг судалж чадсан зүйл одоогоор байхгүй байна. Мундаг бясалгагч нар хэзээд өөрсдийгөө судалгаанд оруулахад бэлэн байдаг. Тархинаас гадна бүх бие дээр судалгааны аппратаа наачихдаг. Хүн дотоод сэтгэлдээ бясалгаж байхад тэр нь аппратаар дамжиж гадагшаа дохио өгч байдаг.
СЭХЭЭТНҮҮДИЙГ ЦААЗАЛСАН НЬ
СОЁЛЫНХОО ТОЛГОЙГ АВСАНТАЙ ЯЛГААГҮЙ
-Гандантэгчэнлин хийдээс Монголын бурханы шашинд ойрын хугацаанд төдий хүнийг маарамба, лхаарамба, аграмба гэх мэтээр мэргэшүүлнэ гэж нэгдсэн бодлогоор явуулдаг юм уу. Эсвэл өөрийн хүслээр суралцах боломжтой байдаг уу?
-Одоо л нэгдсэн бодлогоор дэмжих чиглэл рүү орох гэж байна. Өмнө нь өөрсдийн хүслээр явж суралцдаг байсан. Мэдээж хэрэг гадагшаа явж сурахад Гандан хийдээс биднийг тодорхойлж өгч байгаа “Тодорхойлолт” хамгийн том тус. Тэр байхгүйгээр бид визинд орж чадахгүй.
Одоо бол Энэтхэгт явуулж байгаа сургалтыг Монголдоо явуулах, хөгжүүлэх гээд тодорхой хэмжээнд хөгжөөд явж байна. Судрын ёсны сургалт нь Монголд нэлээд хөгжчихсөн. Тарнийн ёсны сургалт нь үлдчихээд байгаа. Үүнийгээ хөгжүүлэх гээд зорьж байна.
-Монголд бурханы шашин сэргээд 30-аад жил болж байна. Таныхаар манайд бурханы шашны хөгжил ямар байгаа вэ. Цаашдаа залуу халаагаа бэлдэхэд яаж анхаарах хэрэгтэй гэж харж байна вэ?
-Монголд бурханы шашин хэлмэгдүүлэлтээс өмнө маш өндөр түвшинд хөгжчихсөн байсан. Тэр бүгдийг устгасан. Уг нь 1944 онд Гандан хийдийг мөргөлийн дуган нэртэйгээр сэргээсэн юм билээ. Гэвч тэрхэн хэдэн жилийн хугацаанд олон тооны ламыг цаазалж, маш их зүйлийг устгачихсан байж. Өндөр түвшний аграмба, гавьж, лхаарамба цолтой лам, хутагт хувилгаадыг өчиггүйгээр цаазлах, цолгүй бусад эрдэмтэй лам нарыг шоронд хорьж, ажил хийлгэх, эхлэн суралцагч хүүхдүүдийг энгийн болгох, насанд хүрсэнд нь эхнэр авахуулах зэргээр бурханы шашныг бараг л устгачихсан байгаа юм.
Монголын хамаг л мундаг сэхээтнүүд цаазлагдсан давхаргад байсан. Тэр хүмүүсийг устгачихаар соёлынх нь толгойг авчихсантай ялгаагүй. Ингэж устаж үгүй болсон зүйлийг 1990 оноос эргэн сэргээгээд өндөр хэмжээнд хөгжүүлнэ гэхэд хүндрэлтэй. Хэлмэгдүүлэлтийн үед бага насны, эсвэл дөнгөж насанд хүрч байсан хүмүүс чинь ардчилал гарахад нас дээр гарчихсан байх жишээтэй. Гэхдээ тэр хугацаанд сурсан номоо маш сайн дадуулсных уу, ямар ч байсан 1990 онд настайчууд маань бурхан номынхоо зах зухаас залгуулж чадсан. Би бол тэр улсуудаас номын дуу сонсож үзээгүй л дээ. Миний өмнөх үеийн ах нар настайчуудаараа ном заалгаад, Энэтхэгт очиж сурсан байдаг. Тэднээс С.Гантөмөр гавьж маань байна. Д.Нямсамбуу гуай, Д.Нацагдорж гуай зэрэг хүмүүс байна.
-Монгол Улс бурханы шашны тэрүүнтэй байх ёстой, тэргүүн байх шаардлагагүй гэс эн хоёр маргаан сүүлийн жилүүдэд гарах болсон. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Миний хувьд шашны тэргүүнтэй байх хэрэгтэй гэж боддог. Бурханы шашинтнуудад энгийн иргэд болон лам нар багтана. Бурхны шашинтай иргэдийн нийгэм нэг өөр байхад лам нарын бас нэгэн өөр нийгэм гэж байна. Тэр нийгмийг удирдан залаад явах хүн байх хэрэгтэй. Үгүй бол хүний сүсэг бишрэлийг дагаад янз бүрийн асуудал гардаг. Тэр бүгдэд автуулахгүйн тулд залж байх удирдлага байх ёстой гэж би үздэг.
-Монгол Улсад дэлгэрээд байгаа шарын шашин нь Буддизм буюу бурханы шашны аль урсгал нь вэ?
-Ер нь бол манайд шар малгайтны буюу Богдзонховын шашин түлхүү хөгжсөн. Сүүлийн үед сажа, нинва урсгалууд хөгжөөд явж л байна.
-Тэдгээр нь ямар ялгаатай вэ?
-Их ялгаатай биш. Дотоод зан үйлийн л ялгаа байна. Бусдаараа адилхан.
-Та цолоо хамгаалаад эх орондоо ирчихлээ. Таны хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа дараагийн ажил юу вэ?
-Би энэ Жүд дацангийн лам учраас ойрын хугацаанд дацангийнхаа хурал номыг дэгтэй болгож, тогтворжуулъя гэж зорьж байна. Хэтийн зорилго гэвэл Энэтхэгт сургадаг “Аграмба” цол олгох хэмжээний сургалтыг Монголдоо дэлгэрүүлчих юм сан гэсэн бодолтой байна. Мэдээж би ганцаараа биш Гандантэгчэнлин хийдийнхээ оролцоотойгоор цаашдаа ажил хэрэг болж чадна гэж найдаж байна.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 25 )
Буян номын их үйлс нь дэлгэрэх болтугай.
Аграмба А.Баасанням ламдаа баяр хүргэе
Сайхан ном эрдэмд боловсорсон хүн гэдэг юутай сайхан бахархал вэ. Харваас л дхруухан, яриа дөлгөөн, зорилго том саыхан санагдлаа. Монголдоо бурханы ариун шашинаа дахин дэлгэрззлэн хөгжүүлэх гэгээн алсын зорилго нь бүтэхийн ерөөл өргөн, таны буянд даган баясъя. Манай Завхан нутаг чинь гэгээнтэн, хутагтуудын өлгий нутаг болохоор танд ч бас тэр нутгийн , Агуу дээдсийн буян заяаны үр хөврөл байгаа нь дамжиггүй дээ, юутай бахархал вэ. Ём суртахуунаа алдан доройтож буй энэ үеиыгхгийг бурханы ариун номлол, ёс зүйгээр соён гэгээрүүлэхэд та бүхний үүрэг роль асар их чухал шүү! Амжилт хүсье.
Харваас даруу төлөв сайхан хүн бн даа
Энэ хүнтэй Монголд ном хаялцах амьд амьтан битгий л адгуус олдохгүй байна гэсэн шүү..
Sonirholtoi yriltslaga bn
Erdemt hun daruu geheesee iluutei ih yum surch medsen hun yum medehgui humuustei yugaa yarih ve de gej medej av! Medleg ni taarsan huntei ih saihan yariltsahaar hun yum! Harin ter dundaas ni bid suraltsaj chadval az!
Минии эрхэм дүүг элгэндээ нааж энгэртээ тэвэрч үүрч дүүрч гараасаа хөтлөн хорвоог таниулан өсгөж хүмүүжүүлэн энэ түвшинд хүрэхэд төлөвшүүлсэн эмгэн буурал эмээгиинхээ ачлал буяныг дааж сэтгэлдээ талархаж яваараи. Өнөөдөр эмээ нь дээрээс тань харж баярлан бахархаж баигаа гэдэгт эргэлзэхгүи баина. Минии дүүгиин ариун номын цагаан буян ашид дэлгэрэхиин ерөөл өргөе.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Аграмба гуайн хэлсэнчлэн ”Муу хүнд үг бүү дуулга(Ном бүү үзүүл) Мухар үхэрт худаг бүү үзүүл” гэдэг чинь энэ шүү дээ
ийм олон жил ном үзээд өөрийгөө энэ хүн их энгийнээр тодорхойлжэээ
сайхан нийтлэл байна.эрдэм номын оргилд хурсэн лам залууд маш их баярлалаа.ард тумнийгээ гэгээруулэх оюуны их уйлс улам дэ\nлгэрэх болтугай\n, дэлхий ертенцед амар амгаланг тогтоох болтугай
Монголд бга тодорсон нөхдүүдтэй, хүчииг нь үзэлцүүлэх юмсан. Үнэн худал нь тодрох бх даа
ӨНөө хэн билээ. Дэлгүүртэй лам шиг би гэж цээжээ дэлдсэнгүй. Энэ хүн боловсорчээ.
Saikhan yriltslaga boljeee
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг сайхан үг юүтэй үнэн үг вэ гэж санагдав. Номын ажилд нь их амжилт хүсье. Буянд тань даган баясая!
Shashin nom sergehdee surhii sergej bgaan shvv. Anhnii lkhaaramba Jevzundorj lam angi damba, anhnii agramba Baasannyn angi danba 1-eer l erembelegdeed bdag Mongolchuudiin tarhi setgen bodoh chadvar ch surhii yum daa gesen itgel unemshil bat boloh shig
Ай мөн даруу хүн юм даа.
Ашгүй мундаг хүнтэй болжээ. 5000 лам нарын уншиж чадахгүй байсан түвд нууц номыг уншаал уншаал Монгол төрийг одоо өр ширгүй болгох байхдаа. Гялайх нээ. Бид
Ямар сайхан даруухан юм бэ, манайд доктор эрдмийн цол авсан гэвэл /шинжлэх ухаан/ оюутануудаа , эсьэл залуу эрдэм шинжилгээний ажилтангууд аа загнаад л чиний мэдэх юм юум бэ гээд л, гэтэл аграмба цол авсан хэрнээ яриа байдал, маш энгийн байлаа, эрдэмтэн хүн гэж үүнийг л хэлэх байна даа, гэтэл манай эрдэмтэд/шинжлэх ухааны зарим эрдэмтэд/ буддийн онолын зөв буруу талыг ч ойлгоогүй яваа байх юм. юу вэ гэвэл Академийн ерөнхийлөгч ..............................\n
Сонирхолтой ярилцлага байна
Ямар сайхан гэгээлэг ирээдүй Монголыг маань угтаж байна аа. Их сайхан ярилцлага болжээ. Үнэхээр эрдэмт хүн даруу , маш энгийн байдгийг олон ч сайхан эрдэмтэй хүмүүс нотолж байна даа. Энэ лам бас тэдний нэг байна аа.
Яг хатуухан хэлэхэд энэ хүний тарни уншлага шилэнд Монголд байгаа тодорсон хутагт том хамбууд хаана ч хүрэхгүй дээ... Энгийн ард ойлгохчгүй учир мэдэх өвгөн багш нар мэднээ... Үнэхээр эрдэмт хүн даруу юм.
Iim saikhan humuus mongold olon baigaasai. Nuuts tarina gej aguu zuil bdag yum shigee.