Д.Сайнсайхан: Үхэр жилд өндөр дээд суудалтан болон өвгөдөд хатуу ширүүн байх төлөвтэй

2021 оны 02 сарын 03

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ирж буй Цөөвөр хэмээх Төмөр үхэр жилийн өнгө, засал номын талаар ярилцлаа.


13-ТАЙ ХҮҮХЭД, 73-ТАЙ ХӨГШДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙТАР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

 

-17 дугаар жарны Цөөвөр хэмээх Төмөр үхэр жилийн үр, онцгойлох жилтнүүдийн засал номын талаар яриагаа эхэлье?

-Дорнын зурхай 12 жилийг таван махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран нь тус бүрдээ нэртэй бөгөөд энэ нь утга учиртай. Тухайлбал, өнөө жилийн хувьд Цөөвөр хэмээх Төмөр үхэр жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар дахь 60 жилийн онцлогоос үзвэл халуун гантай, зарим газраа хур бороо элбэг, амгалан жаргалантай болох жил гарч байна. Жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар: Үхэр нь цагаан толгойтой, шар ходоодтой, шар биетэй, эвэр, сүүл, чих хөх, омруу ногоон, дөрвөн шийр улаан байгаа нь жилийн эхээр салхи ихтэй, дөрвөн улирал бүрийн эхээр хуртай, тариа будаа ургац арвин байна.

Мөн үхэр хариулаач нь залуу хүн, улаан царайтай, хөх хувцастай шар бүс бүслээд, унгасан шилбүүр барьж, үс нь чихнийхээ араар хийссэн байдалтай, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа баруун биедээ зүүсэн, үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

Энэхүү шинжээр идэр залуус болон дунд түшмэдэд сайн амгалан, бага балчир нялхас болон энгийн ард иргэдэд дунд, өндөр дээд суудалтан болон өвгөдөд хатуу ширүүн байх төлөвтэй. Жилийн ерөнхий төлөв дунд, хур бороо сайтай, малд харшлах шалтгаангүй ч ард түмэн амгалан бус хаад ноёдтой тэмцэлдэх харшлалтай.

-Үхэр жилтнүүдийн маань жил орж байна. Тэд юуг анхаарч, ямар засал ном уншуулах хэрэгтэй вэ?

- Монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг, “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2009, 1949 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг сайтар анхаарах хэрэгтэй. Засал номын тухайд Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

Түүнчлэн 1997, 1937 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил тохиож байгаа  бөгөөд “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар “Үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг. Орон гаран жил боллоо” гэлцдэг. Буг зэтгэр босох гэм буй. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.

1985, 1925 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил бөгөөд хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэмтэй. Засал нь Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1973 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.

1961 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил үхэр жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө хулгана жилд юмуу үхэр жилдээ, эмэгтэй хүн үхэр жилдээ юмуу бар жилд жил орох магадлалтай юм.

-Бусад жилтнүүдийн тухайд анхаарах шаардлагатай ямар зүйл байна вэ? Тухайлбал урвасан жил гэж байдаг.

- Урвасан жил гэдэг нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуудаг. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэгэхэд нь  “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг юм. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр үхэж хагацах нь, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэж их айдаг л даа. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст үүдийг нь хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгдөг. Энэ нь нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.

Үгүйрлийн үүд буюу гарзын үүд гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг. Хамгийн сайн үүд нь олзны үүд. Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг. Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох талтай. Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.

 

33-НЫ МӨЧЛӨГ ТОХИОЖ БАЙГАА ХҮМҮҮС ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЖ, ЕРӨӨЛИЙН ҮГИЙГ НЬ СОНС

-Хүмүүс 33-ны мөчлөг дээрээ их анхаардаг санагддаг. Энэ мөчлөг нь тохиож байгаа хүмүүс юу анхаарах вэ?

-Энэ жилийн тухайд 1989 оны Шороон могой жилтнүүдэд 33-ны мөчлөг тохиож байна.

Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөлөлтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын гэсэн хоёр төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.

33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхэсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг.

Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу тал руугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог.

Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовуурилж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм. Тэгэхээр эдгээр хүмүүс засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.

-Төмөр Үхэр жилийн харш жилтнүүд ямар засалтай байгаа вэ?

-Үхэр жилтэй харш жилтнүүд буюу хонь их харш, нохой, луу бага харш, могой, тахиа ивээл жилийн харш, бар жилтнүүд тэмцэлдэх харш байна.

Хонь жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Нохой, Луу жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Нохой жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Луу жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулвал сайн.

Могой, тахиа жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

Бар жилтнүүд үхэр, бар хоёр тэмцэлдэх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.  Засал нь Манлын чого, 3 гүрэм,  Сахиусны ганшиг уншуул.

-Энэ жил суудал өнцөгдсөн хүмүүс ямар засал хийлгэх вэ?

-Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

Суудлын өнцгийн заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Шороо, огторгуй, уул, хий гэсэн дөрвөн суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн заслыг хийлгэж, суудлынхаа цээрлэх зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Суудлын өнцгийн нөлөөлөл нь жаахан хатуу байдаг. Шороонд суусан хүн газар лусын үйл үйлдэж болохгүй, огторгуйд суусан хүн өндөр юман дээр гарах, нохой тэжээх, хэл аманд өртөхөөс сэрэмжлэх, ууланд суусан хүн ууланд гарах, өндөр ууланд зорьж явах хэрэггүй. Хий суудалд суухаар барцад саад гараад байдаг.

-Тэгвэл энэ жил ямар хүмүүсийн мэнгэ голлож байгаа вэ. Юу анхаарвал зохих вэ?

-Мэнгэ голлосон жилтнүүд энэ жил зургаан цагаан мэнгэтэй буюу 2012, 1976, 1940 оны луу, 2003, 1967, 1931 оны хонь, 1994, 1958, 1922 оны нохой, 1985, 1949 оны үхэр жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь. Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.

Мөн бич, тахиа жилтэнгүүд Жилийн Нашидүрсүмийн засалтай тул  хэл ам, хэрүүл тэмцэл, гадны муу нөлөөнөөс болгоомжлон 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой. Гурван жил дараалан тохиодог жилийн нашидүрсэмийн заслын сүүлийн жил бич, тахиа жилтэнд тохиож байна.

 

ХҮМҮҮС ЗУРХАЙЧИД ҮЗҮҮЛЖ, ЯМАР ЗАСАЛ НОМЫГ ХИЙЛГЭХЭЭ МЭДЭЖ, ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

- Жилийн засал болон онцгой засал номыг ямар давтамжтай хийлгэдэг вэ?

- Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.

Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юм уу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа. Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгаа нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.

-Та дэмбэрлийн зурхай буюу хүний насан туршийн төөргийн зурхайн талаар мэдээлэл өгнө үү?

-Хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижлээ сонгох, эсвэл хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагт төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юм уу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юм. Одоо 1960 онд төрсөн хүн, дөнгөж төрж байгаа хүүхдүүд зурхайгаа гаргуулж байна.

Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс орчин үед хүмүүс амьдралдаа илүү их алдаж амьдарч байх шиг байгаа нь насанд хүрсэн хүмүүс их зуруулж байгаагаас харагдаж байна. Бурхны сургаалд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн уламжлалуудыг сэргээх тал дээр би залуу хүн, уламжлалт эм, зурхайч лам хүний хувьд анхаарч ажилладаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны буян, номын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.76.84) 2021 оны 02 сарын 15

хий хоосон зүйл ярьсан ард түмний тархийг угааж мөнгө олох гэсэн ийм сонин хүмүүст итгэх үү

0  |  0
Зочин(192.82.67.92) 2021 оны 02 сарын 15

Заслаа яаж хийлгэх вэ дугаар нь хэд юм бол

0  |  1
M(103.26.194.182) 2021 оны 02 сарын 13

Өвдөг тохойгоо цоортол хэдэн зуун км сунан зам хороож байгаа Төвд Балба улсууд араас нь суврага ламаар дүүрсэн Монгол яагаад хөгжил дорой байна

1  |  0
Зочин(66.181.161.35) 2021 оны 02 сарын 05

НӨГӨӨ КОРОНО ҮРЭЛ ЯАСАН БЭ МУУ ЛУЙВАРЧИД

0  |  1
Зочин(66.181.161.35) 2021 оны 02 сарын 13

НӨГӨӨ КОРОНО ҮРЭЛ ЯАСАН БЭ МУУ ЛУЙВАРЧИД

1  |  0
Иргэн(64.119.17.100) 2021 оны 02 сарын 13

Хуцаад байгаа балинч вэ

1  |  0
Зочин (192.82.68.67) 2021 оны 02 сарын 04

Өмхий түвдүүд шим сааль арвин үхэр хэмээх амьтанг цөөвөрөөр дуудахаар ямар олиг байхав. Малчид муулаад муулаад үхрээ муу мялан мялзан гэдэг. Гандангийн асман лам нар ямар боохой гэчих байжээ цөөвөр байхдаа яахав.Монгол хүн амны билиг гэдэг.

0  |  0
hi(64.119.25.246) 2021 оны 02 сарын 08

lam niit ard irgediinhee zasaliig unegui unshchihaj boldoggui yum uu

0  |  1
Bi mongol (66.181.191.249) 2021 оны 02 сарын 12

Erdemtei lam hvn bol arai l oor tasarhai bdiin bile lam nar bvgd muu bishee

4  |  0
Bi mongol(66.181.191.249) 2021 оны 02 сарын 12

Tov gandangiin neg sain zurhaich bnlede ystoi heldiim bilee gaihaltai

1  |  1
эмээгийн хүү(43.242.243.36) 2021 оны 02 сарын 03

христын шашны айлган сүртүүлэлт л энэ дэлхийг айдас хүйдэс цусанд будаж байгаа манай монгол харин энх амгалан өвчин зовлонгүй сайхан газар шүү пээ энэ гадны шашин л монголд минь орж ирээд битгий гай болоосой холуур холуур

0  |  0
Ard(204.137.100.21) 2021 оны 02 сарын 09

Ene hiid haana baidag yum bol .Medvel heleerei.

1  |  0
Зочин(66.181.180.84) 2021 оны 02 сарын 13

Битгий мөөр. Энэ луйварчинд заналхийлсэн гэдгээр зөрчлийн хэрэг нээгээч

0  |  2
Zochin(66.181.161.31) 2021 оны 02 сарын 12

Yrni hun jiliinhee zasliig hiilgechih l heregtei.

2  |  0
Шар(202.179.26.3) 2021 оны 02 сарын 05

Шарын шашны бурангуй ёсоор хүмүүсийг айдаст автуулах үйлдэл бол гэмт аэрэг мөн. Энэ ламыг барьж хорь.

2  |  1
Ragchaa Bymbajav(59.153.115.117) 2021 оны 02 сарын 03

Зурхайгаа зуруулаж заслаа хиилгэмээр бн 1960 оны хүн бн

0  |  0
Top