Бурхан урлаач Д.Ухаанзаяа “Үрийн заяа” лекцийн хандивыг бүхэлд нь Э.Номун охинд зориулна

2021 оны 02 сарын 10

Монголын уламжлалт бурхны шаштны ухлахуйн ухааны “Цаглашгүй гэрэлт” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа жил бүрийн Сар шинээр сүсэгтэн олондоо зориулж лекц уншдаг уламжлалтай.

Тэрбээр энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уламжлалт лекцээ телевизээр шууд дамжуулахаар болсон байна. Эрхэм багшийн энэ удаагийн “Үрийн заяа” лекц хөл хорионы үед гэрээс гарах боломжгүй ард олныхоо засал номыг хийж, ном хурахын зэрэгцээ дуун цэнгүүнтэй хослуулан, цугласан хандивыг Энхцогийн Номун хэмээх бяцхан охиныг хөл дээрээ алхахад бүхэлд нь зориулахаараа онцлог юм.

“Ээжийн бүүвэйтэй энхрий үрс амгалан байг” гэсэн уриан дор явагдах хандивын лекцийг Шинийн 7-ны Дашнямтай билэгт сайн өдөр 13:00-18:00 цагийн хооронд UBS, TV8, Channel11  гэсэн гурван телевизээр шууд дамжуулах юм.


Энэ талаар бурхан урлаач Д.Ухаанзаяа багшаас тодруулахад “Бүгд гэртээ сууж байгаад заслаа хийлгэчихнэ гэсэн үг. Ном уншихад хол, ойрын ялгаа гэж байхгүй. Хотоос телевизээр ном уншихад хөдөө орон нутагт байгаа иргэд маань арай л хол юм даа гэх зүйл байхгүй. Номын дууг сонссон төдийд л адис жанлав нь хүрч байх ёстой. Хил хязгаарын ялгаа байхгүй. Энэ өдрүүдэд хатуу хөл хориотой учраас хүрээ хийдүүд хаалттай. Шинийн зургаан буюу Дашнямтай өдөр байгаа. Яг эд засал хийдэг өдөр. Энэ өдөр Морь цаг буюу 13 цагаас оройны 18 цаг хүртэл UBS телевизээр жилийн засал хийнэ. Тавдугаар ноён хутагтын “Лүүжин” номыг “Үржин шадивлан” хийдийн лам хуврагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хурж, Дашчийравын сан уншиж, буян хишгийн даллага авна. Тэгэхээр нийт сүсэгтэн олон гэрээсээ гаралгүйгээр телевизээр заслаа хийлгэж болно.

“Үрийн заяа” лекцээр хүүхдэд нэр хайрлах ёс, төрөхдөө эмэгтэй хүн юу анхаарах вэ, ураг олохдоо эр, эм хоёр юу анхаарах вэ, хүүхдийн хүмүүжил, монгол хүмүүжил гэж юу вэ, төрөхийн эндэгдэл яагаад их болсон бэ зэргээр Үрийн заяа бүү доройтог гэдэг сэдвээр лекц уншина.

Энэ лекцээс олсон сэтгэлийн өргөл хандивыг Монголд эмчлэгдэх боломжгүй ч эдгэрэх боломжтой Э.Номун охины эмчилгээнд 100 хувь зориулах бөгөөд шууд дамжуулалтын үеэр хандивын данс шилэн байдлаар явна.

Сүсэгтэн олны маань өргөл хандив Монголдоо эмчлэгдэх боломжгүй, хүнд өвчтэй охины эмчилгээнд зориулагдана. Энхцогийн Номун гэдэг таван настай охин байгаа юм. Ээжийг нь Онон гэдэг. Ээж нь миний охинд туслаач ээ гээд анх надад хандсан. Охиныг харахад маш сэргэлэн, хөөрхөн хүүхэд байсан. Би энэ охиныг хөл дээрээ босон, үеийнхээ хүүхдүүд шиг гүйгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Одоо бол хөл дээрээ алхаж чадахгүй байдалтай. Ямар асуудалтай вэ гэхээр түнхний төрөлхийн мултралтай. Жишээлбэл, сүүжний ясан дээрээ чөмөгний толгой нь байрладаг шүү дээ. Гэтэл Номун охины хоёр хөлний чөмөг нь сүүжний ясныхаа ховилоос мултраад ард талдаа гарчихсан. Тийм болохоор цаг алдах тусам суугаа болох аюултай. Гадны хэд хэдэн улс руу охины материалыг бүрдүүлээд явуулахад АНУ-аас охиныг эдгэрүүлэх боломжтой юм байна гэсэн хариу өгөөд эмчилгээний зардал монгол мөнгөөр 500 сая гэсэн юм байна.

Номун охинд туслах аян маань “Ээжийн бүүвэйтэй энхрий үрс амгалан байг” гэсэн уриалга дор явагдаж байгаа. Нийт монгол түмнээ энэ сайн үйлсийн аянд идэвхтэй оролцоод таван настай Номун охинын эмчилгээний зардалд хандив өргөөч ээ гэж уриалж байна. Багш нь эндээс нэг ч төгрөг авахгүй, энэ бол ашгийн бус буяны үйл. Шууд дамжуулалтын үеэр охины ээж Ононгийн дансыг шилэн байдлаар байрлуулах юм.

Энэ лекцэд манай рок, попынхон маань дэмжиж оролцож байгаа. Нэг цагаас орой зургаан цаг хүртэл сайхан дуун цэнгүүнтэй, засал номоо хийлгээд, өөрсдийн боломжоор их, бага хамаагүй сэтгэлийн хандивыг өргөөрэй.” гэдгийг монгол түмэндээ уриаллаа.

Top