Д.Ухаанзаяа: Хулгана жилээс сургамж авч, буянд шамдах хэрэгтэй

2021 оны 02 сарын 12

“Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн өнгө, цагаан сарын зарим ёс заншлын талаар Монголын уламжлалт бурхны шашны урлахуйн ухааны “Цаглашгүй гэрэлт” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа.


-17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өнгө ямар байхаар зурагдсан бэ?

-17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жил гарч байна. Бид жилийн өнгийг Шороон үхрийн зурлагаар зурж үздэг. Энэ зурлагаар шар биетэй, цагаан толгойтой, ногоон омруутай, эвэр, чих, сүүл нь хөх, улаан шийртэй, амаа хамхисан, сүүлээ баруун тийш шарвасан, үхрийн урд нь улаан нүүртэй хөх дээл өмссөн, шар бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ араар хийсгэсэн, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэндээ хавчуулан, унгасан шилбүүр /ноосон жилбүүр/ барьсан хүү гүйж яваа мэт жилийн төрх байдал гарч ирж байна. Үүнийг тайлбал жилийн дөрвөн улирлын эхээр хур, бороо цастай. Жилийн эхээр салхилна. Жилийн дундуур тариалан сайн байх болов ч сүүлээр гандах нягууртай. Мал сүрэгт ээлтэй. Залуус буюу эгэл ардад амар, амгалан. Нялхас буюу түшмэдүүдэд ширүүн. Өвгөд буюу хаад ноёдод маш ширүүн байна.

Үхрийнхээ өмнө залуу хүн гүйж яваа учраас залуу хүнд ээлтэй. Унгасан шилбүүр барьсан учраас хатуу цааз байхгүй, амар амгалан байна. Олсоор томсон шилбүүртэй байвал хатуу цаазтай, аюултай байдаг.

“Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн дүн нурууны талаар зурхайн эх бичгүүдэд дараах байдлаар айлдсан байна.

Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Үрийн зурхайн сайн номлол бүхний хураангуй” хэмээхэд “Цагаагчин үхэр жил ган ихтэй, зарим газар хур их болоод тариаг бүрэлгэнэ” гэж гарсан.

Зурхайн гол шүн “Цагаан биндэръя”-д “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилд “Өег цатгалан, мэс дэлгэрэх ч ерөнхийдөө сайн” гэсэн.

Арвайн хүрээний Шарав зурхайчийн “Данзай” буюу шашны түүх хэмээхүйд “Зүсэр бороо элбэг, буудай дунд ч өег цатгалан. Өвчин, мэс дэлгэрэх ч ерөнхийдөө сайн нигууртай” гэсэн байна.

-Өвгөд, хаадад маш ширүүн гэдгийг бага зэрэг дэлгэрүүлбэл...

-Төр, засгийг барьж байгаа хүмүүс суудал, гүйдлээ олохгүй, хямдралдах нигууртай гэсэн үг. Мөн настангууд болон нялхаст ширүүн жил гарч байна. Настан буурлууд бол насны бүтээлд шамдах хэрэгтэй. Нялх хүүхдийг өвчин, зовлонгүй байхын тухайтад 15 адаас хамгаалах буюу заслын номонд шамдах хэрэгтэй.

Залууст бол ээлтэй жил гарч байгаа учраас ажил үйлсийнх нь дийлэнх нь сайхан байна.  Ерөнхийдөө өнгөрч буй хулгана жилд бид лусын тахал өвчин буюу корона цар тахал дэлгэрч, бидэнд маш ихийг бодогдуулсан, байгаль, уул ус, ан амьтнаа хайрлахгүй, дайсагнасанаас болоод лус хүн төрөлхтөнөөс хариугаа авах байдлаар маш сөрөг барцадыг үүсгэлээ. Өнгөрсөн хулгана жилээс маш их сургамж авч, энэ үхэр жилдээ эв эеийг хичээх, гончигсүмдээ авралтай байх, буяндаа нийтээрээ шамдахгүй хэрэгтэй.

Энэ бүх үед хүн бүр буяны замаар зорчиж, зүй бус сэтгэлийг үүсгэлгүй, бие биедээ атаархах, жөтөөрхөх, хууран мэхлэх гэх мэт нүглийн хар үйлээс хол байвал сайхан зурхай. Жил нь хүн бүр дээр янз янзаар ургаж гарч байгаа. Үхэр жил ийм байлаа гээд хүн бүрт ижил байхгүй.

-Ирж буй үхэр жилдээ иргэд маань нийтээрээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хувь хувьдаа буянаа хурааж, шамдах хэрэгтэй. Нийтээрээ буянд шамдах, нийтээрээ өглөг өгөх хэрэгтэй. Нийтээрээ лусын хорлол мэтийн хүнд зүйлүүдээс холуур байж, архи дарснаас татгалзаж, арван хар нүглийг боомтлон барих нь маш чухал байна. Нийтийн буян доройтсон учраас бидний буян арвидахгүй, ажил үйл нь сэргэхгүй байгаа. Нийтийн буянд шамдах нь асар чухал байна.

Монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ буянд шамдахгүй болсон. Нүглийн үйл их болсон учраас лусын өвчин буюу цар тахал дарагдахгүй, эргэн хувирч өөрчлөгдөөд байгаа юм. Үүнийг ч Наймдугаар Богдоос авахуулаад багш дээдэс, бошгод заасан байдаг.

Цагаан сараар бид яагаад буяныг үйлдэх ёстой вэ гэхээр шинийн нэгнээс шинийн 15-ны хооронд Бурхан багшийн тэрсүүдийн зургаан багшийг дарахаас гадна олон олон тэрсүүдийг номхотгож, бурханы номонд оруулсан дүйчин өдөр. Дүйчин гэдэг нь бурханы адислагатай өдөр гэсэн үг.

Тийм учраас энэ адистлагатай өдөр Чингис хаан маань 64 насандаа Хаврын тэргүүн сарын эр бар сарыг “Шинийн нэгэн” гэж анх зарлиглан тунхаглаж, тэмдэглэж ирсэн байдаг. Хойшлоод 17 дугаар зуунаас эхлэн Чингисийн алтан ургийн хүн болох Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар хатуу өвлийг давсны баяр, урин цагтай золгосны баяр гэж үзэхээс гадна дээдийн ном арван цагаан буяныг үйлдэж, нүглээ ариусган буянд шамдан буянаа хураадаг, засал номоо хийлгэдэг номтой хослуулсан номт баяр болгосон.

Идэж, уугаад архидаад яваад байдаггүй. Архи уух, хэт их идэх, эд материалаар баярхахыг цээрлэдэг.

Сүүлийн үед Цагаан сараар унасан тэрэг, барьсан хөөрөг, өмссөн торгон дээл, өгсөн бэлэг, том ууц тавьснаараа гайхуулдаг буруу жишиг тогтоод байна. Энэ бол буруу.

Хүн өөрийн байгаа боломжоороо жилийн өнгөө угтах нь зүйтэй ч бие биеээсээ илүү харагдах гэж баярхаж, хөөргөн байхыг цээрлэх ёстой юм шүү.

Ер нь бол эрт үеэсээ том ууц тавьдаггүй байсан. Багавтар хонины ууц тавьдаг. Өндөр гэгээний Занабазарын ууц таллаж байгаа зураг дээр төлгөн буюу багавтар хонины ууц байдаг. Ууц таллаж буй Өндөр гэгээний зураг нь цаанаа монгол түмний амны хишиг хэзээ ч үл барагдана гэсэн ёгт бэлгэдэлтэй.

Гол нь настан буурлууд, ахас ихсээ хүндлэх, золгох, удам судраа мэдэх шүү дээ. Уг ургийн бичиг хөтлөлт үгүй болсноос сүүлийн үед ах, дүү хүмүүс хоорондоо суух боллоо. Улаанбаатар гэхэд аймаг аймгаас ирсэн Америк шиг нийлмэл хүмүүс болчихлоо. Хамаатан саднууд хоорондоо суух тохиолдол маш их байна. Цагаан сараар хүүхдүүдээ дагуулж ах дүүсээрээ орж, хамаатан саднуудаа таниулж өгдөг уламжлалтай.

Өнөөгийн цар тахлын үед төр засгийнхаа шийдвэрийг дагаж, гэрээс гарч айл хэсэж болохгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй эх оронч, ухаант хүн бүр гэрээсээ гарахгүй, цахимаар золголт хийхийг би уриалж байна. Энэ нь нийтийг хүндэлж байгаа хэлбэр. Би л аав, ээждээ очиж, хамаатан садантайгаа золгож байвал болно гээд цар тахлын үед бужигнуулаад байж болохгүй.

 

БИТҮҮНИЙ ӨДӨР МАШ ЧУХАЛ

-Айл өрх битүүний өдөр ямар зан үйл хийж, яаж битүүлэх ёстой байдаг вэ. Сүүлийн үед иргэд маань битүүлэх зан үйлээ хадгалж чадаж байна уу?

- Битүүнийн өдөр сүүлийн үед манайхан зан үйлээ хадгалж чадахгүй байна. Яагаад гэхээр зарим нь битүүртлээ иднэ гэж ойлгоод байна. Ийм зүйл бол байхгүй ээ. Мэдээж өлөн зэлмүүн байхгүй, өег цатгалан тааруулж идээд болно.

Битүүний өдөр маш чухал. Энэ өдөр анхдугаарт тоос шорооноосоо салсан байх. Энгийнээр бол Цагаан сар нь сарын тооллоор дорнынхны шинэ жил шүү дээ. Шинийн нэгэнд шинэ жил гарч байна гэсэн үг. Шинэ жилдээ хүн бүр цэвэр цэмцгэр, айл өрх бүр тоос шороогүй орвол Монголын бэлгэ дэмбэрэлээр ирэх жилдээ цэвэр цэмцгэр байна. Энэ бол энгийн зүйл.

Битүүний өдөр гэрийнхээ тотгон дээр, хотынхон орцныхоо үүдэнд мөс тавьж, хоёр талд нь харгана, өргөс тавьдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл битүүний орой Цогт охин тэнгэрийн догшин дүр болох Балданлхам бурхан маань замбуу тивийг нэгэн агшинд эргэх хүчтэй, хонгор халзан луусаа унаад айл бүрээр зочилдог гэдэг. Монголчууд маань номгүй ард түмэн биш номт түмэн учраас энэ сайхан бэлгэдлээр бурхан тахил нь цэвэр цэмцгэр айлуудаар зочилдог юм байна.

Мэдээж бурхан залраад орж байгаа бол маш сайхан буян хишгээ хайрлаж, дэргэрүүлүүлээд явдаг. Харин бурхан шүтээн нь хазгай муруй, цэвэрлээгүй бол тухайн айлд Балданлхам бурхан орохгүй. Орохгүй бол буян хишиг нь очихгүй гэсэн үг.

Манай энэ замбуулин нь “Хүсэлт ертөнцийн орон” юм. Энэ орны эрхшээдэг бурхан нь Балданлхам бурхан.

Хонгор халзан луусыг нь ундаассан байх вий гэсэндээ цас, мөс тавьж ундаалах, дагаад ад дүдүүд хорлох гэж ирдэг учраас өргөс тавьж түүнийг хөөдөг.

Хүрээ хийдүүдэд бүтүүний өдөр Цэдор лхам хурдаг. Цэдор лхам гэдэг нь насны балинтай Балданлхам гэсэн үг. Монгол түмнийг урт удаан наслахыг бэлгэдэж Балданлхам бурхнаа урьж битүүнээс шинийн нэгний өглөө хүртэл хурал хурдаг заншилтай. Одоо үед энэ хурал сошиал, зурагтаар шууд явах учраас иргэд маань үүнийг даган баясахад болно. Битүүний өдрийн гол зүйл нь энэ.

Тэгээд сайхан тоглоом тоглодог. Шамбалын түрхүүр нэртэй тоглоом байдаг. Энэ нь ирэх жилийнхээ өнгийг шинждэг тоглоом. Үүнээс гадна хорол, алаг мэлхий гээд олон тоглоом байдаг.

Энэ өдөр бэлгэгүй зүйл ярихгүй. Би муу зүйлийг сонсохгүй, муу зүйлийг үзэхгүй, муу юм ярихгүй, буруу хурьцал хийхгүй гэсэн айхавтар дөрвөн зүйлийг дарж, боомтолж барих хэрэгтэй.

Мэдээж бууз, банш, идээ шүүснийхээ дээжийг настангууддаа хүргэж өгнө. Овоон дээрээ гарч хогийг нь цэвэрлэж, идээ зоог өргөдөг уламжлалтай. Битүүний ажил бол энэ.

Ер нь бол илүүтэйгээр бурхан шүтээнээ засаж сэлбэн, судар номоо цэвэрлэх хэрэгтэй. Гол нь бид чинь мулгуу тэнэг биш номт ард түмэн шүү дээ. Бурхнаа дээдэлдэг, буян нүглийг мэддэг гайхамшигтай ард түмэн.

-Бурхан тахил ярьсных нэг зүйл тодруулъя. Бараг бүх айлд хуванцар хүрээтэй гэх мэт бурхан байдаг. Ялангуяа хөдөөний айлуудын бурхан нь наранд гандаад бараг харагдахгүй болчихсон байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Бурхан нь гандчихсан, халцарчихсан, сэвтчихсэн байвал сэргээлгэх хэрэгтэй. Хүмүүс сэвтчихсэн бурханаа юун түрүүнд  өргөчихөөд шинээр бүтээлгэх гээд байдаг. Түүнээс илүүтэйгээр өвөг дээдсээсээ уламжилж ирсэн хуучин бурхадуудыг засаж сэлбэвэл илүү буянтай байдаг. Тэгэхээр хуучны бурхдууд сайн байх нь. 100-ны 40 хувь хүртэлх нь сэвтэй байхад засаж болно шүү дээ. Үүнээс их бол шинээр бүтээлгэж болно. Сэргээлгэж, засаад шүтвэл маш сайн. Айл гэрт сэвтэй бурхан байлгаж болохгүй. Жаахан л сэвтэй байвал хэрүүл, өвчин салдаггүй, буян хишиг тогтохгүй гарлага, гарз гараад байдаг. Муу барцдууд ороогоод байдаг. Эцэг, өвгөдөөс өвлөгдсөн нандин шүтээн нь хэрэглээний явцад сэвтсэн бол шинийн нэгнээс өмнө маш хурдан засаж сэлбэх ёстой. Засчихсан байхад асуудал байхгүй.

-Хуучны судартай зарим айлын сударных нь бичиг арилж, урагдсан байдаг. Энэ тохиолдолд мөн засуулах хэрэгтэй юу?

-Мөн л сэргээж, нөхөж бичээд засварлуулах хэрэгтэй. Дутуу, халцархай, уранхай байж болохгүй. Бүгдийг нь сэлбэж засна. Болохгүй зүйл гэж байхгүй.

 

ХӨЛД ОРСОН ХҮҮХДЭЭС ЭХЛЭЭД БҮГД ЗҮГ МӨР ГАРГАДАГ

 

-“Шинийн нэгэн”-ий өглөө хүн бүр зүг мөрөө гаргах ёстой юу?

-Нярай хүүхдээс бусад буюу хөлд орсон хүүхдээс эхлээд л бүгд зүг мөр гаргана. Зүг мөр гаргах нь их энгийн билэгдэлтэй. Энгийн болон ном талаас нь тайлбарлая.

Энгийнээр хэлэхэд эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Аливаа зүйлийн эхэнд бид зөв хөдлөөд, зөв зүг рүү мөрөө үүсгээд явчихвал тэр жилдээ сайхан хийморьтой байна. Шинийн нэгэнд унтаж унтаж нар мандсанаас хойш босвол тухайн хүн тэр жилдээ ажил үйлс бүтэхгүй, нозоорсон, үйл нь зунгааралдсан маягтай жилийг дуусгана.

Монголчуудын хамгийн их цээрлэгдэг зүйл бол шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө босох ёстой. Энэ нь бас бурхан номын талаасаа учиртай. Нар мандсаны дараа босвол ертөнцийн муу зүгийн хааны таван хорт хийн суманд хүн оногддог. Энэ нь ямар сум бэ гэхээр алсгууруулагч, мансууруулагч, тачааруулагч, завхайруулагч, согтууруулагч гэсэн таван төрлийн зүйл сэтгэлд орж, сэтгэлийг булингартуулагч хортой хийн сум юм.

Ер нь шинийн нэгэн гэлтгүй өдөр бүр бид нарнаас өмнө босох хэрэгтэй. Нарнаас өмнө босвол тэр таван хорт суманд оногддогүй. Та бүхэн ажиглавал нарнаас өмнө нь босоход ухаан санаа сэргэг, тунгалаг бүх зүйл бүтэмжтэй сайхан байдаг. Нар гарсны дараа босоход бие хүндрээд, нозоороод ямар байдаг билээ.

-Суудлаа хэрхэн тооцож, зүг мөрөө гаргадаг вэ?

Хүнд дөрвөн сайн зүг, дөрвөн муу зүг гэж байдаг. Дөрвөн сайн зүг нь эмийн зүг, амин зүг, цог хийморийн зүг буян хишгийн зүг. Дөрвөн муу зүг нь хорлолын зүг, таван адын зүг, шулмасын зүг, бие тасрах зүг байдаг.

Өглөө эртлэн босоод цог хийморийнхоо зүг рүү гараад буян хишгийн зүгээсээ ирнэ. Хэрвээ гарах зүгт нь огторгуйн хар нохойн ам таарч байвал эмийн зүгтээ гараад буян хишгийн зүгээсээ ирнэ.

Тухайн жилд ямар суудалд сууснаа тооцохдоо эр хүмүүнийг Гал суудлаас эхлэн нар зөв билгийн насны тоогоор тоолно. Эмэгтэй хүн ус суудлаас нар буруу билгийн насаар тоолоод хаана зогсож байна тэр нь таны суудал гэсэн үг.

Суудлын цээр гаргах засал гэх гэж байдаг. Суудал өнцөгдөх гэж байна. Хий, шороо, уул, огторгуй гэсэн хөлөлийн дөрвөн буланд байгаа суудал дээр суучихвал суудал өнцөгдсөн гэсэн үг.

Эхнэр, нөхөр нэг суудал дээр давхцвал суудал салгуулах заслийг хийлгэнэ. Энэ бүгд календар дээр байж байдаг.

Эмийн зүгт эмч залах, эм хүртэх, рашаан хүртэх зэрэг үйлийг хийвэл маш сайн. Амин зүгт бэр буулгах, холын аянд явахад сайн. Цог хийморийн зүгт хийморийн дарцаг хийсгэдэг. Буян хишгийн зүгт буян хишгийг бадраах, даллага авах үйлийг хийдэг. Хорлолын зүгт бэр, мал авахыг цээрлэдэг.

Таван адийн зүгт холын аян замд явах, эм авах, эмчид үзүүлэхийг хатуу цээрлэдэг. Шулмасын зүгт төмөр эдлэл авах, хурдан морь уралдуулахыг цээрлэдэг. Бие тасрах зүгт амь, амьжиргааны бүх л үйлийг цээрлэдэг учиртай.

-Зүг мөрөө гаргахад гэрт амьдардаг хүмүүсийн хувьд асуудалгүй байдаг. Тэгвэл орон сууцанд амьдардаг хүмүүс хэрхэн зүгээ гаргах вэ?

-Эрүүл чийрэг бүх хүн заавал орцноосоо гарах ёстой. Орцныхоо үүдээр гараад толгой дээрээ малгайгаа тавин, зан үйлээ үйлдэж зүг мөрөө гаргадгаараа гаргана. Үнэхээр хөл муутай, настан буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй, гарах боломжгүй хүмүүс бол тагтан дээрээсээ зан үйлээ үйлдэж болно.

-Монголчууд маань жилийнхээ засал номыг шинийн 15-ны дотор хийлгэхийг чухалчилдаг. Хөл хорио тогтоочихсон байгаа энэ үед хэрхэн заслаа хийлгэх вэ?

-Хөл хориотой, хүрээ хийдүүд хаалттай энэ үед би нийт монгол түмэндээ жилийнхээ засал номоо хийлгэх боломж гаргаж өгч байгаа юм.

Би Шинийн зургаанд /2021.02.17/ телевизээр шууд дамжуулж засал хийнэ.

Бүгд гэртээ сууж байгаад заслаа хийлгэчихнэ гэсэн үг. Ном уншихад хол, ойрын ялгаа гэж байхгүй. Хотоос телевизээр ном уншихад хөдөө орон нутагт байгаа иргэд маань арай л хол юм даа гэх зүйл байхгүй. Номын дууг сонссон төдийд л адис жанлав нь хүрч байх ёстой. Хил хязгаарын ялгаа байхгүй. Энэ өдрүүдэд хатуу хөл хориотой учраас хүрээ хийдүүд хаалттай. Шинийн зургаан буюу Дашнямтай өдөр байгаа. Яг эд засал хийдэг өдөр. Энэ өдөр Морь цаг буюу 13 цагаас оройны 18 цаг хүртэл жилийн засал хийнэ. Тавдугаар ноён хутагтын “Лүүжин” номыг “Үржин шадивлан” хийдийн лам хуврагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хурж, Дашчийравын сан уншиж, буян хишгийн даллага авна. Тэгэхээр нийт сүсэгтэн олон гэрээсээ гаралгүйгээр телевизээр заслаа хийлгэж болно.

 “Үрийн заяа” лекцээр хүүхдэд нэр хайрлах ёс, төрөхдөө эмэгтэй хүн юу анхаарах вэ, ураг олохдоо эр, эм хоёр юу анхаарах вэ, хүүхдийн хүмүүжил, монгол хүмүүжил гэж юу вэ, төрөхийн эндэгдэл яагаад их болсон бэ зэргээр Үрийн заяа бүү доройтог гэдэг сэдвээр лекц уншина.

Энэ лекцээс олсон сэтгэлийн өргөл хандивыг 100 хувь буяны үйлд зориулах бөгөөд шууд дамжуулалтын үеэр хандивын данс шилэн байдлаар явна.

Сүсэгтэн олны маань өргөл хандив Монголдоо эмчлэгдэх боломжгүй, хүнд өвчтэй охины эмчилгээнд зориулагдана.

-Таны туслах гэж зорьж байгаа хүүхэд ямар өвчтэй, ямар тусламж хэрэг болсон бэ?

-Энхцогийн Номун гэдэг таван настай охин байгаа юм. Гол нь эдгэрэх боломжтой. Ээжийг нь Онон гэдэг. Ээж нь миний охинд туслаач ээ гээд анх надад хандсан. Охиныг харахад маш сэргэлэн, хөөрхөн хүүхэд байсан. Би энэ охиныг хөл дээрээ босон, үеийнхээ хүүхдүүд шиг гүйгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Одоо бол хөл дээрээ удаан алхаж чадахгүй байдалтай.

Ямар асуудалтай вэ гэхээр түнхний төрөлхийн мултралтай. Жишээлбэл, сүүжний ясан дээрээ чөмөгний толгой нь байрладаг шүү дээ. Гэтэл Номун охины хоёр хөлний чөмөг нь сүүжний ясныхаа ховилоос мултраад ард талдаа гарчихсан. Тийм болохоор цаг алдах тусам суугаа болох аюултай. Гадны хэд хэдэн улс руу охины материалыг бүрдүүлээд явуулахад АНУ-аас эмчлэх боломжтой, эмчилгээний зардал монгол мөнгөөр 500 сая гэсэн юм байна.

Номун охинд туслах аян маань “Ээжийн бүүвэйтэй энхрий үрс амгалан байг” гэсэн уриалга дор явагдаж байгаа. Нийт монгол түмнээ энэ сайн үйлсийн аянд идэвхтэй оролцоод таван настай Номун охинын эмчилгээний зардалд хандив өргөөч ээ гэж уриалж байна. Багш нь эндээс нэг ч төгрөг авахгүй, энэ бол ашгийн бус буяны үйл. Шууд дамжуулалтын үеэр охины ээж Ононгийн дансыг шилэн байдлаар байрлуулах юм.

Энэ лекцэд манай рок, попынхон маань дэмжиж оролцож байгаа. Нэг цагаас орой зургаан цаг хүртэл сайхан дуун цэнгүүнтэй, засал номоо хийлгээд, өөрсдийн боломжоор их, бага хамаагүй сэтгэлийн хандивыг өргөөрэй.

-Лекцийг ямар телевизээр шууд дамжуулах вэ?

-Шинийн 7-ны Дашнямтай бэлгэт сайн өдөр 13:00-18:00 цагийн хооронд UBS, TV8, Channel11  гэсэн гурван телевизээр шууд дамжуулах юм.

 

КОРОНА ГЭХ ЛУСЫН ӨВЧНИЙГ ҮНДСЭЭР НЬ ДАРАХ АРГА НЬ

БҮХ НИЙТЭЭРЭЭ БУЯНД ШАМДАХ

 

-Сүүлийн асуулт. Биднийг багад эмээ, өвөө цөвүүн цаг ирж, мэдэх, мэдэхгүй өвчин гарна, сүсэг бишрэлээ дээшлүүл гэж Богдын лүндэнд буусан юм гэнэ билээ гэж ярьдаг байсан. Энэ аюултай коронавирус хэзээ арилах вэ?

- Цаг цөвтөөд ирэхэд хүний сэтгэл нь ном буянд шамдахаа болих, шунал гэдэг адын хүсэлд дөрөөлөгдөн доройтох цаг үед тахал өвчин, нэртэй нэргүй лусын өвчин дэлгэрнэ. Нялхасын өвчин буюу нялх, нярай хүүхдүүдийн эндэгдэл асар их болно гэж байдаг.

Наймдугаар Богдын бошго лүндэн, Бурхан багшийн бошго лүндэн зэрэг олон бошго лүндэн байдаг. Үүнээс манай Наймдугаар Богдын бошго лүндэнд ирээдүйд цаг цөвтөж, таван цөвүүн дэлгэрнэ гэж заасан байдаг. Энэ нь насны цөв, цагийн цөв, үзлийн цөв, нисванисийн цөв, амьтны цөв гэж байгаа юм.

Насны цөв гэдэг дээр зуурдаар нас барах, гэнэтийн үхэл асар их болно гэж байгаа юм. Эхийн хэвлийд эндэнэ, эхээс төрөөд эндэнэ, идэр залуугаараа эндэнэ, наслах наснаасаа наана эндэнэ энэ бүгдийг хэлж байгаа юм. Одоо төрөхийн эндэгдэл, зулбалт, үр хөндөлт их болчихсон. “Үрийн заяа” гэдэг лекц уншиж байгаа минь ч үүнтэй холбоотой. Үрийн заяа яагаад торойтож, гомдчихдог талаар ярих юм. Нялх нярай хүүхдүүддээ маш хайхрамжгүй хандаж байна. Хүүхдэд адгууснаас дор үйлдэл хийсэн маш аймшигтай мэдээллүүд нийгмийн сүлжээгээр явж байна. Сүүлдээ тийм мэдээлэлд нийгмээрээ дасаж, тоохоо больчихлоо. Эх нь үрээ хаяж л байдаг.

Монголчууд чинь 1-5 настай хүүхдээ бурхан гэж үздэг. Бурхадаа гомдоож байж яаж сайн сайхан амьдарах вэ дээ. Насны цөв гэдэг нь энэ.

Цагийн цөв гэдэг нь үер усны аюул, том галын аюул, газар хөдлөлт, нэртэй, нэргүй өвчин тахал гарна гэж байгаа юм.

Нисванисийн цөв гэдэг нь муу сэтгэл дэвэрнэ гэж байгаа юм. Хүнийг хорлох, бие бие чадах, хараал жатга хийх гэх мэт.

Үзлийн зөв гэдэг нь буруу үзэл дэргэрнэ гэж байгаа. Энэ нь номноос бурууших, ном эрдэмдээ шамдахын оронд архи дарс ууж, зугаа цэнгэл хөөх, шим муутй зүйлд цагийг маш их үрнэ. Багш тэргүүтнийг юм ярихад үл ойшоох мөртлөө хов жив, архи дарс уухыг эрхэмлэнэ гэж байгаа. Одоо энэ бүгд ажиглагдаад байна шүү дээ. Далай багшийг зурагтаар яьж байхад шууд сувгаа солиод л алаан хязаантай, хүчирхийлэлтэй кино эсвэл ямар ч хэрэггүй солонгос сериал үзэж байгаа.

Хүмүүс сэтгэлээ ариусгах номруугаа шамдахаа болиод муу зүйлд дадамгай болоод эхэлж байгаа нь үзлийн цөв гэдэг зүйл эхэлчихсэн байгаа юм. Ийм цөв эхлэхэд хүний буян их доройтно. Тийм учраас нийтийн буянд шамдах ёстой гэж захьсан байгаа юм.

Энэ корона дарагдах, дарагдахгүй нь биднээс шалтгаална. Бид бүгдээрээ нийтийн буянд шамдаж, уул, ус, байгаль дэлхийтэйгээ хүндэтгэлтэй хандаж, бие биетэйгээ эвтэй байж, ээж, аавыгаа хүндлэн асрах ёстой. Ялангуяа байгаль, уул усаа бузартуулж, бохирдуулахгүй байх ёстой. Үүнд нийтээрээ шамдах ёстой.

Одоо ихэнх нь нүгэл үйлдээд, буруу замаар явж, цөөн тооны хэдэн хүн буяныг хурааж байгаа болохоор энэ өвчний дийлэхгүй байгаа юм. Тэгэхээр бид нийтээрээ буянд шамдаад, дээр хэлсэн шалтгаануудыг багасгах л юм бол энэ өвчин дарагдана. Нэг гэрийн эр, эм хоёр хэрүүл унгасгаад байхад л лусын хорлолд өртдөг. Энэ их базрцадыг бид намжаах л юм бол лусын энэ өвчин корона дарагдана.

Дэлхий дахинд вакцин гаргаад хүчээр энэ коронаг дарна л даа. Хүчээр дарна гэдэг нэг асуудал. Өвчин тахал гарч байгаа үндсийг нь таслах нь чухал. Өвчний шалтаг, шалтгаан нь бидний сэтгэхүйд байгаа юм. Шуналын сэтгэл, атаа жөтөө, байгаль амьгүй гэж талхалж байгаа энэ айхавтар араатан сэтгэлгээнээс болж өвчин гарч байгаа. Хүмүүн төрөлхтөн бидний байгаль эхрүүгээ дайсагнаж, буруу харсан сэтгэлээр хандсанаас болж өвчин ирж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Монгол түмэн даяараа Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Top