Цагааннуур, Боршоо боомтоор малын тэжээл импортолно

2021 оны 02 сарын 18

Засгийн газрын өчигдрийн /2021.02.17/-ийн хуралдаанаар орон нутагт мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн Цагааннуур болон Боршоо, Эрээнцав боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцуулан дэмжигдлээ.

Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо хилийн боомтоор нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс түр зогсоосон. Тогтоолын хүрээнд Цагааннуур хилийн боомтоор зөвхөн шатахуун тээвэрлэх авто тээврийн хэрэгслийг сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт хуваарийн зохицуулалтаар нэвтрүүлж байна.


 
​Баян-Өлгий, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээгээр хил нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор Цагааннуур боомтын нөгөө талд ОХУ-ын нутагт 600 гаруй тонн, Боршоо боомтын цаана 1500 тонн малын тэжээл саатжээ.

Энэ тогтоолын хүрээнд Баян-Өлгий, Увс, Дорнод аймаг болон баруун зүүн  бүсийн хөдөө орон нутагт малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар хөл хорионы нөхцөлд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, орон нутагт эдийн засгийг идэвхжүүлэх боломж бий болно гэж үзэж байна.

 
 
Эх сурвалж: ХХААХҮЯам
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top