ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД: Далай лам Энэтхэгт дүрвэсэн өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Дээрхийн Гэгээнтэн Далай лам XIV 1959 оны гуравдугаар сарын 17-нд Түвдээс Энэтхэгийн Дхарамсала хотод зугтан очсон юм.
 


Энэ өдрийг тохиолдуулан Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь айлчлалуудыг танилцуулж байна. Дээрхийн Гэгээнтэн нийт 9 удаа Монголд заларсан билээ.

1979 он 6-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь анхны айлчлал

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш 1979 оны зургаадугаар сарын 15-ны өдөр билгийн тооллын 16-р жарны 53-р шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны бага хурал хэмээх олон улсын байгууллагын шугамаар тус байгууллагын тавдугаар бага хуралд хүндэт зочноор уригдан, Монгол орноо заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мэгзэм", "Дөрвөн мөрт мэгзэм" айлдан, сүсэгтэн олны хамтаар маани уншиж, "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.

1982 он 8-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь хоёрдугаар айлчлал

Дээрхийн гэгээнтэн аргын тооллын 1982 оны наймдугаар сарын дундуур, билгийн тооллын 16-р жарны усан нохой жилийн намрын эхэн сард Монгол орноо морилж, хувь төгс олон түмний сүсгийн бадраав. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэрэг"-ийн "Тунгаамал алт"-ыг дэлгэрэнгүй айлджээ. Мөн "Жигжид бурхны авшиг", "Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдав.

1991 он 9-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь гуравдугаар айлчлал

1991 оны есөн сар буюу билгийн тооллын 17-р жарны тавдугаар төмөр хонин жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байсан бөгөөд энэ үед Дээрхийн гэгээнтэн Монгол орноо гурав дахь удаагаа морилох сайхан боломж тохиосон юм. Дээрхийн гэгээнтэн Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурхны тарни"-ийг сүсэгтэн олонд айлджээ. 

1994 он 9-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь дөрөвдүгээр айлчлал

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам аргын тооллын 1994 оны есдүгээр сард буюу билгийн тооллын 17-р жарны модон нохой жилийн намрын сүүл сарын эхээр дөтгөөр удаа Монгол орноо залран, шашин амьтны тусыг дахин бүтээхийн өлзийг бүрдүүлжээ. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэрэг"-ийн "Ттунгаамал алт" номыг тайлбарлан, нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурхны зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурхны зүрхэн тарни"-ийн лүн хайрлав.

1995 он 8-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь тавдугаар айлчлал

1995 оны найман сар, билгийн тооллын 17-р жарны модон гахай жилийн намрын эхэн сард Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол оронд морилж, Гандантэгчэнлин хийдэд анх удаа “Цогт цагийн хүрдний номлол”, Дүйнхор бурхны их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Дээрхийн гэгээнтэн хамаг амьтны энх тайван, сайн сайхны төлөө цогт цагийн хүрдэн Дүйнхор бурхны 21 дэх удаагийн авшгийг өгсөн нь өлзий хутаг учрал болов. Төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонховын туурвисан "Бодь мөрийн зэрэг"-ийн "Хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурхны шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж, "увш" болон "бодийн санваар" хайрлав.

2002 он 11-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь зургаадугаар айлчлал

2002 оны арваннэгдүгээр сарын 6-9-ны өдрүүдэд айлчлав. "Бодь мөрийн зэрэг"-ийн "Гурван эрхэм", "Шүтэн барилдахуйн магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

2006 он 8-р сар. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь долоодугаар айлчлал

2006 оны наймдугаар сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн Гэгээнтэн Монголын сүм хийд, лам хуврагийн жаяг бичгийг зохион, Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж, анх удаа гэлэнгийн сахилыг 52 ламд хүртээжээ. 

2011 он 11-р сар. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын найм дахь удаагийн айлчлал

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам найм дахь удаагийн айлчлалаараа оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд "Бодь мөрийн зэрэг"-ийн "Тунгаамал Алт", "Шүтэн барилдлагын магтаал", Жанрайсиг бурхны авшиг, Цагаан дарь эхийн насны авшигийг тус тус айлдсан юм.

2016 он 11-р сар. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын ес дэх удаагийн айлчлал


2016 оны арваннэгдүгээр сарын 18-23. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдаж, “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг хийв.

Эх сурвалж: http://dalailama.com/

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.71.44) 2021 оны 03 сарын 17

энэ солонгос пасторуудыг хөөж явуул үндэсний аюулгүй байдалд хуруу дүрээд эхэллээ

0  |  0
монгол(192.82.71.44) 2021 оны 03 сарын 17

за битгий худлаа шаалдаа гаж урсгал гэж христын шашинд л байдаг байх энэ христын нөхдүүд ийм л аюултай олон ороныг буснуйлсан мэргэжилын новшнууд одоо энэ зохион байгуулалттай гүтгэлгээ зогсоо чи монголд байгаа шүү африк латин америкт биш

0  |  0
Усан нүдэт(66.181.190.10) 2021 оны 03 сарын 18

Буддын Шашны хамгийн гаж урсгалуудын нэг Төвдийн Шарын Шашин Монголыг Манжуудтай цүг газрын хөрснөөс арчин алдсаныг мартаж болохгүй шүү

0  |  1
ТЭРГУУЛЭГЧИД(77.38.148.28) 2021 оны 03 сарын 18

ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ ЛАМ БАГШ ТЭРГУУТЭЙ ТЕВД ЛАМ ЕРТЕНЦ ДЭЛХИЙД БУРХАНЫ ШАШИНГ ДЭЛГЭРУУЛЖ , МАНДУУЛЖ ЯВАА БИЛЭЭ.ТЕВДУУД ЭХ ОРНОО ОРХИН ДУРВЭСЭН ГАШУУН ТУУХТЭЙ Ч ХЭЛ, СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ, БИЛИГ ОЮУНАА МАШИД МАНДУУЛЖ ДЭЛХИЙД ТЭРГУУЛЖ БАЙНА ДАА..

3  |  0
Top