Ковидын халдвар авсан иргэдийг хүнд, хөнгөнөөс нь шалтгаалж гэрээр эмчлүүлэх үү, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдэг тал дээр зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өгч байна.
-Хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа хүмүүсийг гэрт нь эмчлэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Халдварын тархалтын түвшин, нөхцөл байдалд үндэслээд хариу арга хэмжээний төлөвлөлтийг байнга шинэчлээд явж байна. Өчигдөр Шадар сайд манай яаман дээр ажиллаж, тэр үеэр төлөвлөлтийг ярьсан. Өдөр бүр 100-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа учраас эмнэлгийн орны болон эрүүл мэндийн ажилтны нөөц дээр дахин төлөвлөлт хийх шаардлагатай болсон. Гэрээр эмчлэх төлөвлөгөөг өмнө нь баталчихсан байсан. Энэ сарын 17-ноос эхлээд хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх төлөвлөгөө хэрэгжиж байна. Нийт тохиолдлын 80-90 хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа хэдий ч бусдад халдвар тараах эрсдэлээс сэргийлэх зорилгоор эмнэлэгт эмчилж байсан. Мөн хөнгөн хэлбэрүүдийг 10-14 хоног эмчлэхэд ямар өөрчлөлт гарч байна, ямар тохиолдолд хүндэрч байгааг судаллаа. Яармагийн 300 ортой эмнэлэгт 1,000 гаруй хөнгөн өвчтөнийг эмчлээд гаргалаа. Ингэхэд маш цөөхөн тохиолдолд хүндэрч ЦТЭ болон ХӨСҮТ рүү шилжсэн. Ямар хүмүүс хүндэрч байгаа дээр анализ хийсэн учраас гэрээ эмчлэхдээ ангилалт хийх шалгуур үзүүлэлт гаргасан. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бүх хүнийг гэрээр эмчилнэ гэж ойлгож болохгүй. Гэртээ олуулаа, настай хүмүүс, хүүхэдтэй хамт амьдардаг бол гэрээрээ эмчилгээ хийлгэх боломжгүй.
-Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Халдвартай хүмүүсийг эмчилж байгаа эмнэлгүүдийн орны ачаалал хэр байгаа вэ?
-ЦТЭ, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт халдварын батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч байсан бол төлөвлөлтийн дараагийн шатанд эмчилгээ үйлчилгээг тухайн эмнэлэгтээ хийхгүй байгаа СХД, СБД-ийн эмнэлгүүд дээр ор дэлгэсэн. Одоогоор эдгээр эмнэлгүүд дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал гараагүй байна. НЭМГ-тай хамтраад тухайн дүүргүүд дээр ирж байгаа ачааллыг зохицуулаад явж байна. ХӨСҮТ-ийн энгийн орны дүүрэлт нэлээн өндөр түвшинд хүрсэн. Харин хүндэрч ирсэн өвчтөнүүдийг хүлээн авахаар бэлдсэн эрчимт эмчилгээний орнууд бэлэн байгаа.
Сэтгэгдэл ( 0 )