АНУ-ын эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ойрын жилүүдэд Хойд туйлд аянга, цахилгаан цахих үзэгдэл хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Ингэснээр туйлын бүс нутагт ой, хээрийн түймрийн тоо огцом өсөхөд хүргэх эрсдэлтэй гэнэ. Судалгааны дүнг “Nature Climate Change” сэтгүүлд нийтэлжээ.
Калифорнийн их сургуулийн судлаач Чэн Ян тэргүүтэй эрдэмтэд 2015, 2019 онуудад Аляскад гамшгийн хэмжээний ой, хээрийн түймэр гарахад аянга, цахилгааны гүйцэтгэсэн үүргийг судалсан байна. Ингэхдээ тэд НАСА агентлагийн хиймэл дагуулаас сүүлийн 20 жилд авсан мэдээллийг шинжилжээ.
Загварчлалын тооцооллоос үзвэл, хүлэмжийн хийн ялгаруулалт өнөөгийн хурдаар нэмэгдвэл энэ зууны сүүлч гэхэд тундрийн бүсэд аянга цахилгааны тоо 2.5 дахин ихсэх бол тайгад 85 хувиар нэмэгдэх гэнэ. Ингэхдээ энэ үйл явц Евразид хамгийн ихээр ажиглагдах гэнэ. Энэ нь Хойд туйлд агаарын урсгалын хүч огцом нэмэгдэж, тунадасны хэмжээ өсөхтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.
Энэхүү таамгийн үр дагаврыг хэлэхэд эрт байгаа ч эрдэмтэд үүний үр дүнд тундр, тайгын ой хөвчид түймэр гарах нь элбэгшинэ гэж үзэж байна. Ингэснээр туйлын бүс нутгийн экосистем огцом өөрчлөгдөн, агаарын температур өсөж улмаар хөрсний дээд давхарга дахь мөнхийн цэвдэг хурдацтай хайлахад хүргэнэ гэж таамаглажээ.
Сэтгэгдэл ( 0 )