Мексик улстөрч сонгуулийн сурталчилгаагаа авснаас эхлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Мексикийн Конгрессын /парламент/ сонгуульд “Partido Encuentro Social” намаас нэр дэвшигч Карлос Майорга Сиудад Хуарес хотын сонгогчидтой хийх уулзалтаа оршуулах ёслолоор эхэлсэн тухай “Mexico News Daily” хэвлэлд мэдээлжээ.

Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт хотын сонгогчидтой хийх уулзалт дээр авс авчирсан байна. Халдвар хамгааллын хувцас өмссөн эрчүүд машинаас авсыг буулгаж, ширээн дээр тавьжээ. Нам гүм болсон орчинд авснаас нэр дэвшигч Майорга гарч ирж, сонгогчиддоо хандан үг хэлсэн байна.

Нэр дэвшигч “Би улстөрчдийн тоомсоргүй байдлаас болж амиа алдсан Мексикийн Чиуауа мужийн Сиудад Хуарес хотын 1.5 сая оршин суугчийн нэг байна” гэжээ.

Тэрбээр энэ үйлдлээрээ Засгийн газрын буруу үйл ажиллагаанаас болж коронавирусний халдварын улмаас нас барсан олон зуун мянган иргэн, зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болсон олон зуун мянган иргэний дурсгалыг хүндэтгэн, олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсон гэнэ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, Мексикт 2 256 509 хүн коронавирусний халдвар авснаас 200 мянга гаруй хүн энджээ. 2006 онд Мексикийн Засгийн газар хар тамхины эсрэг цэргийнхнийг дайчилснаас хойших хугацаанд 300 мянга гаруй хүн хар тамхи наймаалдаг гэмт бүлгийн хохирогч болжээ.

Ирэх зургаадугаар сард болох дунд хугацааны сонгуулийн сурталчилгаа улс төрийн хүчирхийллийн давлагаа үүсгэж, энэ үеэр 16 нэр дэвшигч амиа алдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top