Л.Энхсайхан: Вакцин хийлгэсэн ч агаарт вирус байгааг мартаж болохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Нэгдүгээр тундаа хамрагдчихаад хоёрдугаар тундаа хамрагдахаас эргэлзэж байгаа хүмүүс байна. Ямар ч вакцины хоёр дахь тунг хийлгэж байж хүний биед хамгаалах уураг өсдөг. Эхний тунг хийлгээд багахан хэмжээний уураг үүснэ. Харин хоёр дахь тунг хийлгэснээр уг уургийн хэмжээ эрчимтэй нэмэгдэнэ. Бид вакцин хийлгэж байгаа ч агаарт вирус эргэлдсэн хэвээрээ байгаа. Аюул арилаагүй байгаа учир тайвширч болохгүй" гэлээ.

Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэснээс 21 хоногийн дараа хамгаалах үйлчилгээ эхлэх аж. Вакцин тариулсны дараа толгой өвддөг болсон, даралт ихэсч байна гэсэн яриа бий. Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан " Ковидын вакцинууд нь бусад вакцинтай ижил химийн бүтэцтэй, хүн бүрийн онцлогоос хамаарч хариу урвал илэрнэ. Вакцинд даралт ихэсгэх найрлага байхгүй" гэв.

Вакцинд хамрагдсан ч амны хаалтаа зүүсэн хэвээр байхгүй бол цар тахлын шинэ давлагаа үүсэх ч аюултай аж. Вакцинжуулалтын дараа хүн амын хөдөлгөөн 90 хувиар нэмэгдсэн байна. Иймээс шаардлагагүй тохиолдолд хот хооронд зорчиж, аялал зугаалга төлөвлөхөө болихыг уриаллаа.

Ковидын цар тахлаас гадна мэдээллийн цар тахал бий болж байгаа бөгөөд хүмүүс тархиа амраахгүй гар утас, таблеттай цагийг өнгөрүүлж, олон янзын мэдээлэл авч, шөнийн цагаар ажиллаж байгаа нь буруу зүйл гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ. Хүн нэг шөнө нойргүй хоноход л хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд ордог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top