Эсрэг биет хагас жилийн дараа коронавирусний шинэ омгийн эсрэг суларч байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Коронавирусний халдвар авсан хүмүүст үүссэн эсрэг биет 6-12 сарын дараа коронавирусний хувьссан шинэ хувилбаруудын эсрэг суларч байна гэж Японы Ёкохама их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.

Японы эрдэмтдийн явуулсан судалгаанд өнгөрсөн оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд халдвар авсан 21-78 насны 250 хүн оролцжээ. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн 97 хувьд нь халдвар авснаас хагас жилийн дараа хангалттай эсрэг биет үлдсэн байсан бол 96 хувьд нь нэг жилийн дараа эсрэг биет хангалттай түвшинд хадгалагдсан байна. Харин хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст энэ үзүүлэлт 100 хувь байжээ.

Гэвч энэхүү хамгаалалт коронавирусний хувьссан хувилбаруудын эсрэг үр дүнгүй болохыг судалгаа харуулжээ. Эрдэмтдийн онцолсноор, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр өвчилсөн оролцогчдын 69 хувьд зургаан сарын дараа гэхэд “өмнөд африк хувилбар”-ын эсрэг хамгаалалт үгүй болох бол 75 хувьд “энэтхэг омог”-ийн эсрэг хамгаалалт үгүй болох гэнэ. Бразил, британи хувилбарын хувьд оролцогчдын 19, 15 хувьд л эсрэг биет хүчтэй хэвээр үлджээ.

Харин дунд буюу хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст коронавирусний хувилбаруудаас хамгаалах эсрэг биетийн түвшин коронавирусний эх хувилбартай харьцуулахад ижил хэмжээд хадгалагдан үлджээ. Тиймээс Японы эрдэмтэд коронавирусний шинэ хувилбарууд тархсан нөхцөлд вакцинжуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр өвчилдөг залуус вакцин хийлгэх нь их ач холбогдолтой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.38) 2021 оны 05 сарын 23

Шаардлагагуй

0  |  0
Top