Дэлхийн даяар 115 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан коронавирусний халдварын улмаас эндлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Женев хотноо нээгдсэн 74 дэх удаагийн Дэхийн эрүүл мэндийн ассамблей дээр хэлсэн үгэндээ онцолжээ.
Хэдийгээр энэ тоо бүрэн бус ч дэлхий дахинд дор хаяж 115 мянган эмч, эмнэлгийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдаж, хамгийн өндөр үнэ төллөө гэж тэрбээр онцолсон байна.
Гебрейесус ирэх есдүгээр сар гэхэд улс бүр хүн амынхаа 10 хувь, энэ оны сүүлч гэхэд 30 хувийг вакцинжуулахыг уриалав. Ийм үр дүнд хүрэхийн тулд ядуу орнуудын 250 сая хүнийг вакцинаар хангах шаардлагатай байна. Эдгээр нь эмнэлгийн ажилтнууд болон эрсдэлт бүлгийн хүмүүс юм. Энэ бол бидний хүрэх ёстой хамгийн доод хязгаар юм гэжээ.
Дэлхий дахинд вакцины хуваарилалт тэгш бус байна гэж Гебрейесус онцгойлон дурдаж, энэ байдал цар тахлын эсрэг тэмцлийг хойш нь чангааж байна гэжээ. Он гарснаас хойш бүртгэгдсэн халдварын тоо 2020 оны бүтэн жилийн үзүүлэлтээс давжээ. Ойрын долоо хоногуудад нас баралтын үзүүлэлт мөн өнгөрсөн оныхыг давахаар байна. Дэлхий дахин дахь нөхцөл байдал туйлын аюултай байна гэж тэрбээр анхааруулав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлйн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 166 346 635 хүн халдвар авснаас 3 449 117 нь эндээд байна.
Зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх Дэлхийн эрүүл мэндийн ассамблей коронавирусний цар тахлын эсрэг тэмцэл, шинэ онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Цахим хэлбэрээр болж буй ассамблейн үйл ажиллагаанд 194 орны төлөөлөгчид оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )