Тариаланчид ажлынхаа хагасыг нугаллаа

2021 оны 05 сарын 27

Улсын хэмжээнд 197 мянган га-д үр тариа, үүнээс 191 мянган га-д улаанбуудай, 7.2 мянган га-д төмс, 1.8 мянган га-д хүнсний ногоо, 2.2 мянган га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 216 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 50.8 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 52 хувь, төмс 40 хувь, хүнсний ногоо 23 хувь, малын тэжээл 2.3 хувь, тосны ургамал 14 хувьтай  байна.

Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 469 иргэн, аж ахуйн нэгжид 11.3 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 246 тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, 20.5 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон. 

БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ СЭРҮҮСЭХИЙГ АНХААРУУЛСААР БАЙНА

Энэ жилийн 4, 5-р сард бороо, нойтон цас орж хүйтэн сэрүүн байгаагаас хаврын тариалалтын ажил 4-5 хоногоор оройтож эхэлсэн. Хаврын тариалалт 5-р сарын 5-наас эхэлж таримлын төрлөөсөө хамаарч 6-р сарын 10 хүртэл үргэлжилдэг. Өнөөдрийн байдлаар тариалангийн ихэнх бүс нутагт үр тарианы таримлын соёололт жигдэрч -3-4 хэмийн хүйтнийг даах хэмжээнд хүрсэн.

Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүсэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тиймээс хүнсний ногоо тариаланчид та бүхэн цаг агаарын төлөв байдал, орж буй хур тунадасны хэмжээ, өдөр шөнийн температурын хэлбэлзлийг сайтар тооцож үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top