Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан, АУ-ны магистр Б.Майцэцэг "Ковид ба Тамхи" гэсэн сэдвээр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсад хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна. Тамхи татдаг хүмүүс ковидын халдвар авах эрсдэл өндөр, хүндрэх, нас барах, амьсгалын аппаратад орох эрсдэл өндөр. Тамхинаас гарахад 20 минутын дараа л эерэг үр дүнгээ өгдөг. Цар тахлын үед олон оронд тамхины сурталчилгааг хорилоо. Тамхинаас гарахын тулд эхлээд тамхигүй орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тамхи татдаггүй хүмүүстэй цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга бол шууд хаях. Тэвчээд, тамхи татмаар санагдах үедээ амьсгалын дасгал хийх ёстой. Мөн мэргэжлийн хүнээс тусламж авч болно. Сэтгэлзүйн зөвлөгөөг өрх, сумын эмнэлэгтээ хандаж үнэгүй авч болно" гэлээ.
Тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэх нь буруу гэнэ. Электрон тамхи нь никотины агууламжтай учир ялгаагүй донтуулдаг аж. Мөн тархинд цус харвах эрсдэлд хүргэдгийг АУ-ны магистр Б.Майцэцэг хэлж байна. Тамхи татсанаар судас гэмтэж, чихрийн шижин хүндэрч, залуу хүмүүс ч хөл, гараа тайруулсан тохиолдол их байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )