16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Монгол Улс насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг вакцинжуулаад байна. Одоо хүүхдүүдийг вакцинжуулах ажил өрнөх юм. Манай улс хүүхдүүдэд Pfizer вакциныг хийхээр захиалсан бөгөөд эхний ээлжийн 100 мянган тун вакцин иржээ.

Манай улсад халдварын тохиолдол нэмэгдэж байгааг дагаад нас баралт нэмэгдсэн байна. Зүрх, судасны өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдал ковидтой хавсарвал нас барах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Энэ сарын 1-ний байдлаар вакцинжуулалтын нөлөөлөл 75 хувь байна гэж үзвэл халдвар зургаадугаар сарын 15-наас буурах төлөвтэй байгаа аж. Цаашид хүүхэд рүү чиглэсэн халдвар үргэлжилж байгаа учраас эцэг, эхчүүд вакциндаа хамрагдаж, хүүхдээ гадуур явуулахгүй байх хэрэгтэй юм. 16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулах талаар шийдвэр гаргах аж.

Хоёр тунгаа хоёуланг нь хийлгэсэн хүмүүс халдвар авсан ч хөнгөн эмнэлзүйтэй, хүндрэх нь маш бага байгаа гэнэ. Вакцин нь халдвар авахаас хамгаалахаас гадна өвчилж, хүндрэхээс хамгаална.

Вакцинд хамрагдаагүйгээсээ болж үр хүүхэд, гэр бүлийнхэн, хамт олондоо халдвар тараах эрсдэлтэй учир иргэн та үүргээ биелүүлж, эрүүл мэнддээ анхаараарай.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top