Хүүхдийн вакцинжуулалт яагаад чухал талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчний эзлэх хувь сүүлийн жилүүдэд буурсан. Энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөлөө юм. Халдварт өвчин нь хүүхдийн эндэгдлийн шалтгаан болдог. 2015 оны өвөл л гэхэд томуу, улаан бурхан зэрэг халдварт өвчин эх болон хүүхдийн эндэгдэлд нөлөөлсөн судалгаа бий. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь дархлаажуулалт байдаг" гэлээ.
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг эмийн бус аргаар дээшлүүлэхэд үр дүн гарах аж. Манай улс дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүдийг халдварт өвчнүүдээс хамгаалж, вакцинуудыг хийдэг. Хүн амынхаа дийлэнх хувийг улирлын томуугаас хамгаалах вакцинаар дархлаажуулж чадсан гэж манай улсыг олон улсын байгууллагууд дүгнэжээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрийн ярьж буйгаар коронавирусний халдвар нь улирлын томуугийн вирустэй зэрэгцэн хавсарсан халдвар болж магадгүй байгаа аж. Ковидын халдвар нь цаашид улирлын томууны нэгэн адил байж л байдаг өвчлөл болж, эндэгдэл нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир томуугийн вакцинжуулалтыг эрт буюу аравдугаар сараас эхэлж, арваннэгдүгээр сараас томуугийн дэгдэлт эхлэхэд дархлаа тогтоосон байх зорилтыг тавьжээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг заавал вакцинд хамруулж байж эрсдэлээс сэргийлнэ гэдгийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр хэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн биед өөрчлөлт их гарч, халдвар аваагүй байсан ч амьсгал нь давчдаж байдаг учир ковидоос хамгаалах нь зайлшгүй шаардлагатай юм.
Вакцины нөөц хангалттай үед маш олон бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулах хэрэгтэй, 5-6 жилийн давтамжтайгаар халдварт өвчин гарах хандлагатай байгаа гэдгийг олон улсын байгууллагууд хэлж байгаа аж. Мөн эрчимт эмчилгээний тасгийн хүчин чадлыг гурав дахин нэмэх шаардлагатай байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )