Дэлхий нийтэд тархаад байгаа Цар тахлын улмаас 2020 онд гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, аялал жуулчлалын салбарын алдагдал 564 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж, ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа жилийн туршид бүрэн болон хэсэгчлэн зогсож, 88 мянга гаруй ажлын байр эрсдэлд орсон байна. Иймд тэг зогсолт хийгээд байгаа аялал жуулчлалын салбарыг хөдөлгөх, эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх, цаашид хэрхэх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа зогссон байгаа ч бүтээн байгуулалт, бодлого тодорхойлох, эрхзүйн орчин сайжруулах үндсэн ажлууд үр дүнтэй урагшилж байгааг Н.Уртнасан сайд онцоллоо. Тухайлбал
- Түүхэндээ анх удаа 3 яам бодлогоор хамтран ажиллахаар болсон. Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллана.
- “Аялал жуулчлал-Агаарын тээврийн асуудал”-аар Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, авиа компаниудын төлөөллийг хамруулан хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.
- Монгол улсын хэмжээнд анх удаа аялал жуулчлалын салбарт 200 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр тогтвортой хөгжлийг дэмжих, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна гэх мэтчилэн ажлуудыг дурдаж, үргэлжлүүлэн газрын дарга С.Баясгалан салбарын 2021 эхний хагас жилин ажлын тайланг танилцуулсан юм.
Аялал жуулчлал цар тахлын дараагаар хамгийн эхэнд сэргэх салбарын тоонд орж байгаа ч өнөөгийн үүсээд байгаа хүндрэлтэй үеийг даван гарахад төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгтэй бүгд санал нэгдэв.
Салбарын төлөөллүүдээс дараах асуудлуудад шийдэл хүсэж, хамтран ажиллах саналыг гаргасан. Үүнд:
- Татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхний алхмуудыг хийсэн. Эцсийн шийдвэрүүд гараагүй ч тодорхой саналууд тавиад ажиллаж байгааг хэллээ.
- Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлаар болон орлогогүй байгаа ажилтнуудад олгож байсан 200 мянган төгрөгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх саналыг засгийн газарт оруулахаар болов.
- Аялал жуулчлалын тухай шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарынхныг оролцоог хангах ажлын хэсгийг яаралтай байгуулах үүрэг өглөө. Мөн 8 сард болох төсвийн хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд тодорхой санал ирүүлэх чиглэл өглөө.
- Газрын тухай хуулийн 40.1.5 дугаар заалтаар тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байхаар шийдвэрлэж, албажуулахыг даалгалаа.
- Аялал жуулчлалын чиглэлийн хүний нөөцийг дэмжих асуудлаар 50 сая төгрөгийг төслөөс шийдвэрлэн, сургалтын тэтгэлэгт олгохоор боллоо.
- Дотоод, гадаадын аялагчдыг хүлээн авах журам, орон нутгийн замыг нээх асуудлыг тодорхой болгов.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүргийн хүрээнд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт шийдвэрлэхгүй. Тэг зогсолттой, эдийн засгийн хямралтай байгаа салбарынханд тэтгэлэг олгох, зээлийн шалгуурыг хөнгөлөх асуудлаар Сангийн яаманд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, түр ажиллагсдыг даатгалд хамруулах асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яаманд удаа дараа албан хүсэлт гаргасныг онцлоод цаашид ч шийдэл гаргах хүртэл энэ ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Мөн санхүүжилт босгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтай төсөл хөтөлбөрүүдтэй хамтран аялал жуулчлалын салбарт санхүүжилт татах ажлын хүрээнд 7 сарын 19 дотор ажлын хэсэг байгуулахаар тогтов.
Бодит байдлыг энгийнээр авч үзвэл аймаг хооронд бүү хэл, айлаас айлд очих нь ч эрсдэлтэй нөхцөл үүссэнийг манайхан ойлгож энэ хямралыг хамтдаа даван туулахаар нэгдсэнд талархаж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан уулзалтын төгсгөлд онцоллоо.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг шилэн болох, томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа болон анх удаа аялал жуулчлалыг дэмжих сан байгуулсан. Агаарын тээврийн либералчлалыг нэвтрүүлсэн зэрэг салбар яамны хийж хэрэгжүүлж байгаа олон ажилд талархалтай хандаж байгаагаа уулзалтанд оролцогчид илэрхийлж цаашид дэмжин хамтран ажиллахаар боллоо. Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, МАЖХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүн Б.Барсболд, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн С.Батболд, Лэтс Трэйвэл ХХК-ий захирал С.Амгаланбат, Монголий Вояаж ХХК-ний захирал С.Алтантуяа, I Hotel цахим платформын үүсгэн байгуулагч Б.Золбадрал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 1 )
Хуулиараа НӨАТ төлөгч биш гэдгийг нь мэдсээр байж Засгийн газрын 3% хүүтэй хөнгөлөлттэй зээлэнд хамруулж Аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжинэ гээд Ерөнхий сайд Оюунэрдэнэ чинь хэлчихээд ЗГ-аас гаргасан журам дээрээ НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид зээл олгоно гэж орууулчихаад ичихгүй одоо маирын нулимас унагаагаад байх чинь зүгээр л хошин шог