Энэ жил хоёр төрлийн ойн хөнөөлт шавжийн олшролын үе таарч байгааг ойн судалгаа хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар тогтоосон. Иймд ойн доройтлын нэг шалтгаан болдог хортон шавжийн хэт олшролыг сааруулах ажлыг холбогдох албанаас эрчимтэй зохион байгуулж байна.
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “ШИМ” ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын яамны хортон шавжийн тэмцлийн ажилд зориулж нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэлийг үнэ төлбөргүй нийлүүллээ.
Тус компани нь Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчтын багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй, Өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, байцайны хивэн эрвээхэйн хүрэнцэр зэрэг шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай Bacillus thuringiensis BT-MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэлийг Монгол Улсад үйлдвэрлэдэг ганц үйлдвэр юм.
2021-2022 онуудад Сибирийн хүр эрвээхэй, Өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй зэрэг хортон шавж хэт олшрох төлөвтэй байгаа бөгөөд дээрх хортон шавжийн тэмцлийн ажил явуулахад Bacillus thuringiensis BT-MN01 бактерийн биобэлдмэл нь чухал ач холбогдолтой юм.
Байгаль хамгаалах үйлс нь дан ганц төрийн байгууллагын ажил бус бүх нийтийн оролцоо чухал. Хэрэгцээ шаардлага их байгаа үед ийнхүү хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )