БОАЖ-ын сайд Н.Уртнасан гадаад улсад суух элчин сайд нартай уулзлаа

2021 оны 08 сарын 24

Байгаль орчин, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нарын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, олон улстай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд гээд өргөн хүрээнд мэдээлэл өгч, шаардлагатай асуултад хариулт өглөө.

Тухайлбал, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс үүдэлтэй тоосжилт нь хөрш орнууд, цаашлаад бүс нутгийн хэмжээний томоохон асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зэргийг танилцуулсан юм.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 70 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.48 хувийг эзэлдэг. Хөвсгөл нуурын экосистемийн тэнцлийг хангах, бохирдол хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь үндэсний төдийгүй олон улсын хувьд ч чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлын судалгааг эхэлсэн. Гадаад харилцааны яамны шугамаар ОХУ-ын Онцгой байдлын яаманд хандах, Эрхүү хотын Сибирийн Онцгой байдлын газартай холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтийг тавих нь зүйтэй гэж үзэж байгаагаа Н.Уртнасан сайд илэрхийлээд, ОХУ-д томилогдон ажиллах Ө.Энхтүвшин сайдад энэ асуудлыг анхааралдаа авч, хамтран ажиллахыг тусгайлан хүсэж, онцлон тэмдэглэв.

Монгол Улсын газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 5-8 мянган га талбайд ойжуулалт хийж байна. Ирэх 4 жилд ойн менежментийг сайжруулан, 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6% хүргэх зорилготой ажиллаж байгаа. БНСУ шар шороон шуургатай, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажилладаг. Ногоон хэрэм барьж байгуулах, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр Зүүн хойд Азийн бүсийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Дэлхий нийтийг хамарсан Корона вируст цар тахлын үед хамгийн их хохирол амсаж байгаа салбаруудын нэг бол аялал жуулчлал.  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн, 9 зорилтыг тусган ажиллаж байна. Аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох нь чухал гэж үзэж, зургаан бүсэд хуваасан. Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, жуулчдын урсгалыг богино хугацаанд буцаж бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо.

Гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар анх удаа Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогоор хамтран ажиллахаар болсон. Аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох гол зорилгод хүрэхэд та бүхний туслалцаа, хамтын ажиллагаа их чухал. Мөн аялал жуулчлалын үйлчилгээний стандартуудыг боловсронгуй болгох, салбарын боловсон хүчнийг сургах, дадлагажуулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцоллоо.

Байгальд ээлтэй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр энэ хүрээнд гадаад Улсын тусгай хамгаалалттай газартай “эгч дүүс” парк байгуулах боломжийг бүрдүүлэх талаар Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай нягт хамтран ажиллахаа мэдэгдлээ. Мөн салбарын хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулаад, ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд та бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлоод, эдгээр асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам шаардлагатай мэдээллийг шуурхай гарган өгч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар салбарын бодлого, чиглэлтэй холбоотой болон тухайн улс оронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой сонирхсон асуултдаа тодорхой хариулт авлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.161.23) 2021 оны 08 сарын 25

эргүү авгай..

0  |  0
Zochin(202.126.89.99) 2021 оны 08 сарын 24

Aimshgiin avgai

0  |  0
zochin (49.97.108.227) 2021 оны 08 сарын 24

teneg avgai ustei tolgoin shuulam.n turhtei avgaitai ymar hun ajlahvee buh muu n nuuren deer n il bich eetei bna da kkk

1  |  0
Top